Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын байгууллагад удирдах алба хашиж байсан ахмад үе, өнөөдөр ажиллаж байгаа дунд үе, шинээр нийгмийн даатгалын байгууллагын ажилтан болсон залуу үеийн төлөөллийг оролцуулсан “ХАМТДАА ХӨГЖЬЕ” сэдэвтэй 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын байгууллага ахмад үеийнхэн нь хойч үедээ сургаал захиасаа айлдаж, арвин баялаг туршлагаа өвлүүлэн үлдээдэг, залуус нь ахмад үеэ хайрлан хүндэтгэж, байгуулсан гавьяа, эхлүүлсэн үйлсийг нь нэр төртэй үргэлжлүүлж байдаг эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийн залгамж халаатай байгууллага юм.
Энэхүү уулзалт-хэлэлцүүлэгт НДЕГ-ын анхны дарга, УИХ-ын гишүүн асан, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, НДЕГ-ын Дэд дарга бөгөөд ННДГ-ын анхны дарга асан Ч.Сумаахүү, НДЕГ-ын Хяналт, үнэлгээний газрын дарга асан Ё.Пүрэвцэрэн, НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн дарга асан Ц,Дашдондог, ЧДНДХ-ийн болон ННДГ-ын хэлтсийн дарга асан Ч.Солонго нарын ахмад үеийн төлөөлөл уригдан оролцов.
Дунд үеийн төлөөлөл болж НДЕГ-ын Хяналт, шалгалтын гарын Улсын ахлах байцаагч Б.Батсуурь, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн М.Бямбадулам, ННДГ-ын Тамгын хэлтсийн дарга О.Байгалмаа, БЗД-ийн НДХ-ийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг, ХУД-ийн НДХ-ийн Тэтгэврийн хяналтын байцаагч Ж.Сүхбаатар нар уригдан оролцлоо.
Залуу үеийг төлөөлж НДЕГ, ННДГ, нийслэлийн 6 дүүргийн НДХ-ийн залуу ажилтнууд оролцон ахмад, дунд үеийн төлөөлөгчдийн туршлага, дурсамжийг сонсож, өнөөдрийн шинэ ололт амжилтаа ярилцаж, сургаал захиасыг нь хүртсэн халуун дулаан уулзалт боллоо.