“Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа: "Эрүүл мэндийн зарим байгууллагуудад ажлын байрны дарамт шахалт ихээр гарах болсон учир энэ талаар гомдол ирүүлсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын өргөдлийг шийдвэрлэх зорилгоор ЭМЯ-нд удаа дараа хандсан боловч асуудал шийдэгдэхгүй байна. Өргөө амаржих газарын эмч, ажилтнуудаас Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МЭМАҮЭХ-д зургаадугаар сараас хойш өргөдөл ирсэн. Ерөнхийдөө бусад газруудад ч мөн өргөдөл гомдол ирсээр байгаа. Хамгийн их гомдол ирсэн нь Өргөө амаржих газар байна.
"Өргөө" амаржих газрын хувьд 487 эмч, сувилагч, ажилтантай. Гэвч 2021-2022 онд нэг жилийн дотор 138 хүн ажлаасаа гарчээ. Эдгээрээс 82 нь ажлын байрны дарамтаас болж өөрийн хүсэлтээр ажлаа орхисон.
Улмаар хүний нөөц 30 хувь багассанаас үүдэн үлдсэн эмч, сувилагч, ажилчдад ажлын ачаалал хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэлтэй болсон. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм." гэв.
Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлээс "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасан гэж аудитын шалгалтаар дүгнэсэн гэдгийг хэллээ. ЭМҮЭХ-ноос энэ мэт ёс зүйн зөрчил гаргасан эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдаас шаардаж буй. Хэрэв уг асуудалд холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй бол ЭМ-ийн сайдыг өөрөө огцрох ёстой гэх байр суурийг илэрхийллээ.