Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Эл хэрэгт О.Мөнхжин, Б.Идэр-Од тэргүүтэй залуусыг койн гаргаж мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг асуудалд О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Ер нь тэгээд шалгавал шалгана л биз дээ. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйлгүй. БҮХ КОЙНЫГ ШАЛГААРАЙ! Би анх гарч байхад нь л ганцаараа орилоод бараагүй олон луйвар бий.
Хэн нь хэн бэ гэдэг нь танигдаад, гэм буруугүй нь тогтоогдвол бид улам л зах зээлийн итгэлийг авна. Бүхнийг хууль ёсны дагуу хийж, улсдаа хүртэл олон тэрбумын татвараа төлсөн.
Өө нээрээ X-Meta бирж маань хүртэл өнөөдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгч” гэсэн хууль зүй, албан ёсны бүртгэлээ авлаа. Хууль бус юм хийгээд байгаа хүмүүс ингэж явахгүй байх аа" гэжээ.