Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
-Novotel зочид буудлын танхимд
-10:00-14:00 цагт Монголын цахим боловсролын түвшинг дээшлүүлэх, худал мэдээлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцэх “We Think Digital” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөл оролцоно.
-Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр, 4 давхар, Концертын танхимд
-10:00-12:00 цагт ХӨСҮТ, ЦССҮТ хамтран улс орон даяарх төр, хувийн хэвшлийг бүхэлд нь хамруулсан “Лабораторийн шинжилгээний чанар, хангалт, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалт зохион байгуулна.
-Шангри-Ла зочид буудлын Парис-Бээжин хурлын танхимд
-11:00 цагт "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" эдийн засгийн тайланг Азийн хөгжлийн банкнаас танилцуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгнө.
-Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд
-11:00 цагт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурна.
-35 дугаар сургуульд
-11:40 цагт “Digital Classroom” болгон тохижуулсан ангийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дэлхийн жишигт нийцсэн боловсролын арга зүйг танхим болон цахим сургалт хосолсон сургалтын орчин бүрдүүлэх ажлын хүрээнд “Санко Маркетинг Монголиа” ХХК-тай хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35 дугаар сургуулийн нэг ангийг “Digital Classroom” болгон тохижуулсан байна.
-Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
-12:00 цагаас Баянхонгор аймгийн Шинэжинст суманд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй "Эрдэнэ Монгол" ХХК-ийн удирдлагууд яамнаас хууль бусаар зөвшөөрөл авсан тухай экологич болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
-АТГ-ын гадаа
-12:00 цагт Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын удаа дараа хууль зөрчиж буй үйлдлийн талаар АТГ-т хандаж, асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгнө.