Бог малын мялзан өвчний вакциныг дэлхий дээр байхгүй өндөр үнээр авч, вакцины цаана мөнгө угаалт, авлига хээл хахуулийн хэрэг үйлдэж байсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусчээ. Тодруулбал, Монгол Улс бог малын мялзан өвчний вакциныг 2016 онд ОХУ-ын Владимир хотын улсын үйлдвэр болох "Бүх холбоотын мал эмнэлгийн холбоо"-ны үйлдвэрээс 15 сая тун вакциныг 337.500 ам доллар /нэг тун нь 0.0225 доллараар/ худалдаж авч байсан бол түүнээс хойш 2017-2020 онуудад нийт 4 удаагийн худалдан авалтаар БНЭУ-ын "Hester Biosciences Limited" хувийн үйлдвэрээс /нэг тун нь 0.093 доллараар шууд гэрээ байгуулан худалдан авсан байна.
Уг хэрэгт Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т болон хэд хэдэн хүнийг буруутган шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Сануулахад, БНЭУ-ын компанийг зуучилж, холбосон хүн нь МЭЭШХүрээлэнгийн малын эмч Б гэгч бөгөөд тэрбээр хувьдаа малын эм тарианы бизнес эрхэлдэг нэгэн байсан аж.
Зуучлагч Б-гийн төрсөн дүү Т гэгч нь Сүхбаатарын дүүргийн татварын хэлтсийн байцаагчаар ажилладаг төрийн албан хаагч бөгөөд өөрийн охин Э, хүргэн А-гийнхаа дансаар МЭЕГ-аас төлбөрт шилжүүлсэн мөнгөний 50 хувь орчим дүнтэй тэнцэх хэмжээний 800.000 орчим ам. долларыг 2018-2020 онд БНЭУ-ын "Hester Biosciences Limited" компаниас Монгол Улсад хүлээн авсан байдаг. Улмаар уг мөнгийг энэхүү худалдан авалтад оролцсон төрийн албан хаагчдад авлига хэлбэрээр өгч, үнэтэй хаус, орон сууц худалдан авсан байдлаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ-т шалгаж дуусчээ.