Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд оржээ.
Тодруулбал, тус компани өнгөрсөн жил "Монгол ган" цогцолбор барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж, бэлтгэл ажлын хүрээнд автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгээд байжээ. Ингэхдээ эдгээр дэд бүтцийг хийхэд “Кью Эс Си” ХХК 700-800 тэрбум төгрөгийг зарцуулаад байв. Гэсэн хэдий ч гэнэт гарсан төрийн шийдвэрээс үүдэн төслийн ажил зогссон байдалтай байна.
Сонирхуулахад, шинэ батлагдсан ТЭЗҮ-гээр жилдээ 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолсон байжээ. Судалгаагаар Монгол Улс жилдээ 260-270 мянган тонн арматур хэрэглэдэг. Тиймээс 350 мянган тонн арматур үйлдвэрлэхэд Монгол Улсын дотоодын хэрэгцээг хангаад явах боломжтой. ТЭЗҮ-д дурдагдсан тооцооллоор одоо зарагдаж буй арматураас 20 орчим хувийн хямд өртөгтэй хийгдэх байжээ.