"Кью Эс Си" компани анх 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уул уурхайн металлургийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоолоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн авах шийдвэр гарсан билээ.
2010 онд үйлдвэрлэлийн өртөг зардлын хувьд ч, дараа дараагийн төслүүд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөлд байсан тул хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн үзэж “Кью Эс Си” компани сонгон шалгаруулалтад шалгарсан байдаг. Тус компани өнгөрсөн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар үр дүн, өөрчлөлт авч ирсэн бэ гэдэгт олон нийт хариулт хайдаг.
Тэгвэл хөрөнгө оруулалт авсан төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн тайланд мэдэгдэхүйц эерэг үр дагаврууд гарчээ. Тухайлбал, хөрөнгө оруулалт хийхээс өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн жилийн орлого 40-50 тэрбум төгрөг, улсад төлдөг татвар нь 2-3 тэрбум төгрөг байв. Харин 2010 оноос хойш буюу "Кью Эс Си“ компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хариуцах хугацаанд үйлдвэрийн жилийн орлого нь 400 тэрбум болон өсч, төрд төлсөн татвар нь 80 орчим тэрбум төгрөг болж өссөн байна.