Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.
Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Салбар дундаа уялдаа холбоо маш муу байгаа нь үнэн. 2020 оноос хойш дэд бүтэцжүүлэх ажил зогссон. Цар тахал нөлөөлсөн. Гэхдээ өнөөдөр ч ажил явахгүй байгаа. Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд гэж гарч байна. Тэгвэл хотын түгжрэл, түүнтэй уялдаад үүсч буй асуудал уялдаа холбоотой явахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ. Хот хариуцсан сайд Хотын даргад хариуцлага тооцох эрхтэй юу" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэн ч хариуцахгүй байснаас хэн нэгэн хариуцахад уялдаа хангагдаж л таарна. нэг яаманд 10-15 давхардсан чиг үүрэг байдаг. Сайд нарын ачаалал хүнд. Үндсэн асуудлаасаа тойроод байгаа нь бидний алдаа. Нийслэл хотын автозамын түгжрэл. Энэ бидний асуудал мөн л бол түүнийг хариуцсан хүн байх л ёстой. Тиймээс салбар дундын зохицуулалтыг хангахын тулд сайд нарын дээр, Шадар сайдын доор ЗГХЭГ-ын даргатай дүйцэхүйц сайдын сайд нарыг гаргаж ирж байгаа юм. Нэлээдгүй өөрчлөлт гарна гэдэгт хувьдаа итгэлтэй байгаа.
Бид өөрсдөө бодож олсон зүйл биш. Засаглалын хувьд сайн гэж яригддаг Сингапурын Засгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна. Тэнд нэг сайд нөгөө яамныхаа дэд сайд байдаг. Давхар алба хашдаг. Энэ нь салбар хоорондын уялдааг хангах боломж байдаг. Манайд ажлын уялдаа холбоо тал дээр алдаад байгаа. Энэ асуудлууд шийдвэрлэгдээд ирэхэд орон тоо маш хурдан багасах боломжтой. Тухайлсан бүтэц чухал. Энэ бол олон оронд туршигдаад амжилттай болсон хэлбэр" гэв.