Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.
Тэгвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
"Энэ жил баруун болон өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай, баруун ба төвийн нутгаар сэрүүн, ялангуяа долдугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой" гэж УЦУОШГ-аас мэдээллээ.