Булган аймгийн брэнд арга хэмжээ “Айраг наадам”-ын үеэр согтуу жолооч гол дээр хэвтэж байсан 14-15 насны дөрвөн хүүхдийг дайрч, гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Тодруулбал, Наймдугаар сарын 13-ны өдөр Булган аймагт болсон наадмын үеэр 33 настай, эрэгтэй, "приус" маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх хэргийг үйлдсэн ба хүүхдүүдийг тус аймгийн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн юм. Тэгвэл энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Тухайн үед тэднийг хүүхдүүд гэж мэдээгүй
Тухайн хүүхдүүдийг дайрсан жолооч иргэн "У" дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр, "Би зургаан настай хүүхдээ таньдаг хүн дээрээ үлдээсэн байж байгаад авах гээд явж байсан юм. Ойролцоогоор 20-30 миллийн хурдтай. Гэтэл өмнөөс гэрэл гялбаад машин тулаад гараад ирсэн. Тухайн үед жолооныхоо хүрдийг зүүн эргүүлэхэд морьтой хүмүүс сууж байсан бөгөөд морьдыг мөргөсөн, хүүхдүүд гэж мэдээгүй. Морьд үргэхээр нь машинаа ухарч гаргаад хөдөлгөж болохгүй гэсэн үүднээс машинаа буцаагаад урагшлуулсан. Ийм л үйл явдал болсон.
Түүнээс гадна хэдэн морьтой залуучууд байсан ба миний бие рүү халдахаар завдсан. Тэгээд цагдаа нар намайг авч яваад иргээд ирэхэд машины маань салхины шил, толь эвдэрсэн байсан. Морьтой залуучууд бухимдсанаас үүдсэн байх. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсандаа, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ямар ч нөхцөлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож болохгүй юм байна, дараа нь гарах үр дагавар маш хүнд байдаг юм байна гэдгийг ойлгож байна.
Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж, хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг асуусан. Яг өөрсөдтэй нь уулзаагүй" гэжээ.
Харин тус аймгийн цагдаагийн газраас хэргийн үзлэг болон шалгалтын явцын талаар дараах мэдээлэл өглөө.
Жолоочийг цагдаагийн алба хаагч гэсэн мэдээлэл худлаа
Булган аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Нармандах "Наймдугаар сарын 13-ны орой 22:30 цагийн орчимд тоглолт үзэхээр найз нараа хүлээн наадмын талбайн баруун хэсэгт сууж байсан 14-15 насны дөрвөн хүүхдийг приус-20 маркийн автомашин дайрсан хэрэг гарсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 33 настай "У" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэнийг цагдаагийн алба хаагч гэх яриа гарсан. Энэ нь ташаа мэдээлэл юм. Тэрбээр, баяр наадам үзэж явсан энгийн иргэн байсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Осолд өртсөн дөрвөн хүүхдийн гурав нь хэвтэн эмчлүүлж байна
Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог судлал, түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмч Г.Вандандорж хүүхдүүдийн биеийн байдал болон осол гарсан үеийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Биднийг очихоос өмнө сумын эмнэлэгийн төвөөс анхны тусламж үзүүлсэн байсан. Мөн гадаа бороо орж байсан учир биеийн температур буурсан үзүүлэлттэй гэхдээ хүүхдүүд өөрсдийн гэсэн ухаантай байсан. Осолд өртсөн дөрвөн хүүхдийн гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн хувьд тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, биеийн олон хэсгийн зулрал гэсэн оноштой байгаа. Одоогоор биеийн байдал тогтвортой, гэхдээ эмчилгээ хийгдэх шаардлагатай байна.
Харин гэмтлийн зэргийг цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой" гэлээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтэд үндэслэн яллах дүгнэлт гаргана
Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Хүүхдүүдийн биеийн байдлыг тодорхойлсон шүүх эмнэлэгийн дүгнэлт болон согтолтын зэргээс хамаарч шүүхэд яллах дүгнэлт гаргана. Урьдчилж хэлэх боломжгүй. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн аюулгүй байдлаа хангах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэгэндээ жолоо бариулахгүй байхыг сануулъя" гэсэн юм.
Иймд иргэд та бүхэн согтууруулах төрлийн зүйл болон сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.
Сануулахад, "Эрүүгийн хуулийн 24-р бүлгийн 215.2.-т Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.