Сингапурын засгийн газар эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг эрэлхийлж, эмзэг бүлгийн иргэдийг инфляцийн нөлөөллөөс хамгаалах арга замыг эрэлхийлж байгаа билээ.
Энэ хүрээнд чинээлэг хүмүүс илүү их татвар төлөх шаардлагатай болж магадгүйг тус улсын шадар сайд Лоуренс Вон мэдээллээ. Орлогын тэгш бус байдал харьцангуй буурч байгаа ч засгийн газар илүү хүртээмжтэй өсөлтийн чиглэлийг зорьж байна. Хүн бүр ямар нэг хэмжээгээр татвар төлдөг ч өндөр орлоготой баячууд илүү төлөх шаардлагатай гэдгийг Лоуренс Вон онцоллоо.
Сингапурын ерөнхий сайд Ли Сиен Лүн өнгөрсөн долоо хоногт бага орлоготой өрхүүдэд үнийн өсөлтийг даван туулахад нь туслахын тулд засгийн газар илүү ихийг хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн. Тус улсад үнийн өсөлт сүүлийн 14 жилд байгаагүйгээрээ дээд амжилт тогтоогоод байна. Инфляци энэ оны эцэс гэхэд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг Вон хэллээ. Хэрэглээний бүтээгдэхүүний үнэ зургадугаар сард 6.7 хувиар өссөн нь 2008 оноос хойших хамгийн хурдацтай үзүүлэлт болжээ.
Сингапурын Төв банк инфляцийг намжаахын тулд өнгөрсөн оноос хойш дөрвөн удаа мөнгөний бодлогоо чангатгасан. Мөн нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн нөлөөллийг арилгах 1.5 тэрбум сингапур долларын багцыг засгийн газраас зургадугаар сард танилцуулжээ.