Цагаан давааны хогийн цэгийн нөхөн сэргээх ажлын гүйцэтгэгчээр "Улаанбаатар шинэчлэл" ХХК ажиллаж буй юм. Тус компанийн ерөнхий захирал М.Түвдэндорж дараах зүйлийг хэллээ.
"Улаанбаатар хотын ЗАА-тай хамтран сүүлийн гурван жилийн турш хогийг ландфилийн аргаар дарж булах ажлыг гүйцэтгэж ирлээ. 2020, 2021 онд хог дарж булсан талбайнууд маань ургамал ногоогоор хучигдсаныг та бүхэн харж байна. Энэ талбай жил ирэх тусам атаршиж, хогийн цэг байгаагүй, эрүүл газар юм шиг сайхан талбай бий болсон байна.
Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг. Гурван жилийн хугацаанд 10 га газрыг нөхөн сэргээгээд байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг гүнд 3-4 метрт суурилуулсан. Хог хаягдлыг жалга, гуу газарт ландфил технологиор дарж булж байгаа нь ирээдүй хойчдоо хийж буй буянтай үйл гэдгийг онцолмоор байна. Ер нь бол цаашдаа хогийг дарж булах биш боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй санагддаг" гэсэн юм.