Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Баянхонгор нутгийн иргэддээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр "Эцэг өвгөдийн гал голомтыг батлан сахиж, ихэс дээдсийн өв соёлыг тээн баяжуулж ирсээр өнөө цагт хүрсэн Хонгор нутгийн зон олон шинэ Монгол улсынхаа өргөн уудам сав нутагт Баянхонгор аймаг хэмээх алдрыг хүртсэнээс хойш 80 жилийн арвин намтрыг бүтээжээ. Монгол улсын орчин цагийн түүхийн өртөөнд Баянхонгорчуудын зүтгэж байгуулсан гавьяа оролцоо үнэхээр дундаршгүй ээ. Хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөөх зогсолтгүй тэмцэл, цуцалтгүй хөдөлмөрийн буухианд Баянхонгорчууд өнгөрсөн 80 жилийн туршид өчүүхэн ч амсхийлгүй зүтгэж, үеийн үед мартагдахын аргагүй гавьяа байгуулснаараа энэ их ойг бахархан тэмдэглэх түүхэн эрхтэй билээ. Өнөөдөр бид өнгөрсөн түүхээ эрэгцүүлж, өвөг дээдсээ дурсаж, тэдний огоот хүсэл зориг, оргилуун тэмүүлэл, ололт амжилтыг сэргээн санаж, сэтгэлдээ тээж, сэрэмжилэн сахих эрхэм нандин цаг мөч.
Тэдний гайхалтай түүх, гавъяа зүтгэлийг хойч үедээ уламжлуулан үлдээж, залгамжлуулан өвлүүлэх эрдэнийн алтан боломж. Миний бие Монгол улсын Гадаад харилцааны сайдын хувьд, Хонгор нутгийн оюун билигт сэхээтнүүд, дипломтатуудын эх орныхоо гадаад харилцааны үйлсэд байгуулсан хосгүй гарамгай гавьяаг энэ өдөр онцгойлон, хүндэтгэн тэмдэглэж байна. Монгол Улсын түүхэнд зургаан гадаад харилцааны сайд, цаашилбал дипломат боловсон хүчний эгнээн дэхь мэргэжлийн ховорхон чадварлаг ажилтнууд чухам манай Баянхонгор нутгаас төрсөн түүхэн жишээ хожим хойчид давтагдах нь тийм ч амаргүй бизээ.
Дэлхий дахины олон улсын харилцааны ээдрээтэй хүнд цаг үе, торгон зааг дээрх хүнд сорилтын он жилүүдэд энэ онцгой чухал үйл хэргийн тэнгийн ачааг үүрч гарсан Хонгор нутгийн эрхэм буурлуудаа хүндэтгэн дурсаж, мэхийн ёсолж байна. Гавьяатан буурлуудын үйл хэргийг буухиалан залгуулах өндөр хариуцлагын эзэн бид, Монголоо гэсэн тэдний чин сэтгэл, гуйвшгүй эх оронч үзэл санаа, өндөр ёс суртахуун, эрдэм боловсрол, хосгүй авьяас чадвараас цаг ямагт суралцаж; өнөө цагт ч амаргүй бэрхшээл, хатуухан сорилтуудыг тулгаж буй олон улсын харилцаанд Монгол улсынхаа эрх ашгийг чандлан хамгаалж, даян дэлхийн улс оронтой эвийг эрхэмлэх төрийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй хичээн чармайх учиртай билээ. Улс орныхоо сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Хонгор нутгийн минь ахан дүүсдээ баяр наадмын мэндийг дэвшүүлье" хэмээжээ.