Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ сайдын попролын буянаар Х.Баттулгын гэм зэмийг ИЛЧЛЭХ НЬ ЭЭ

Огноо
Унших
6 минут 32 секунд

Өнгөрч буй долоо хоногийн гол сенсаацийн нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар овоглогддог төмөр замтай холбоотой асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллагад үүрэгдсэн явдал.


Өнгөц харах юм бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуухан дуугарч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн шударга үнэнийн сэлмийг хурцалсан гэж харахаар.

Гэвч нарийн утгандаа Засгийн газрын тэргүүн нь өөрийн танхимын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа, тэр дундаа хуулийн салбарынхны ажилд шууд гар дүрж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд
-Цөмийн энергийн газар
-Засгийн газрын хэрэг эрхлэх газар
-Эрдэнэс Монгол ХХК
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
-Үндэсний хөгжлийн газар
-ХХМТГ
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар
-Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн найман байгууллага шууд харъяалагддаг.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр найман байгууллагын эрхлэх асуудлыг яаж л бол яаж хөдөлгөж, муухайгаар хэлэх юм бол дураараа аашилж болно.


Аа, харин... Хуулийн салбар буюу АТГ, ЦЕГ зэрэг хуулийн салбарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс гар дүрж, бүр үүрэг тушаал өгөх нь шууд утгаараа хууль зөрчсөн үйлдэл.

Нарийндаа хэлэх юм бол, улстөрч хүнийх нь үүднээс поп зан нь хэтэрсэн үйлдэл гэхэд болно.

Хэдийгээр Ерөнхий сайд ийнхүү хууль зөрчсөн ч түүнтэй маргаж зүрхлэх хуульч нэгээхэн үгүй. Учир нь маргавал маргааш өглөөний нар мандахтай зэрэгцэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас хатуухан банга хүртэх болохоор тэр. Үүнийг ч АТГ, цагдаа, прокурорууд аль аль нь мэдэж байгаа. Тиймдээ ч үе үеийн Ерөнхий сайд хийгээд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн энэ мэт попролыг өөгшүүлсээр ирсэн.

Энэ нь өнөөгийн нийгэм цаашлаад Монгол Улсын хуулийн салбар завхрахад хүргэж буй гол шалтгааны нэг.

Ямартай ч эл асуудлыг орхиод Л.Оюун-Эрдэнэ сайд дээрх лүндэнг буулгалаа. Түүний тушаалаар Х.Баттулгын хэргийг урхагаар нь шалгах нь тодорхой болголоо. Гэхдээ нэг асуудал бий. Тэр нь Х.Баттулгад холбогдох эрүүгийн гэмт хэргийг нууцын зэрэглэлд хамааруулж шалгаж байгаатай.

Үүнийг нь ч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэнтээ нотолсон.

Тэгвэл Ерөнхий сайдын дээрх "тушаалаар" бол уг хэргийг нууцын зэрэглэлээс гаргах бололтой юм. Нэг үгээр хэлбэл, "нууцын зэрэглэл" гэсэн халхавчнаас гаргачихвал хэн нь худал хэлж, хэн нь үнэн ярьж байгаад ард түмэн багатугай дүгнэлт хийх боломжтой болно. Энэ ч утгаараа Л.Оюун-Эрдэнэ сайдын хууль зөрчин байж үүрэг даалгавар өгсөн үйлдлийг зөвтгөх ганц шалтаг шалтгаан болж буй юм.


Ташрамд дурдахад, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хамгийн эхэнд замхарсан хэрэг нь төмөр зам. Цухасхан дурдвал, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүл зүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон материал нийтлэсэн байдаг. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон зуун материал, тэр дундаа төмөр замын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын мэдүүлгүүдийг ашигласнаа дурдсан байдаг.

Тус нийтлэл 2019 оны 5-р сарын 14-ний өдөр нийтлэгджээ. Уг нийтлэлд "... Анхны ярилцсан 4 сая ам.долларын дүн тун удалгүй 5.6 сая ам.доллар болж нэмэгдсэн байсан.

Энэ талаар Ч.Ганбат мэдүүлэг өгөхдөө “Төмөр замын дагуух хөрсний судалгаа хийлгэх хэрэгтэй болсон” гэж тайлбарлаж байжээ. Маккензигийн гаргасан ТЭЗҮ судалгааг ашигласан Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон гэж ярьдаг ч энэ мөнгө улстөрчдийн буруу гараар орж, эсвэл авлигын замаар алга болсон.

2015 он гэхэд Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замын мөнгө ч үгүй болж, прокурорын газраас нь Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байв...

Ч.Ганбатын “Эхний ээлжинд 4 сая ам.доллараар энэ төсөлд орчих. Цаашаа төмөр зам баригдахаар та нарыг бүр том ажилд оруулна” гэж амласан амлалт Маккензи-г ийм нөхцөл байдал руу оруулсан байх магадлалтай.

Маккензи энэ хэргээс ихээхэн сургамж авч, дотоод хяналт шалгалтаа сайжруулсан гэж мэдээлдэг. Гэвч авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг болох Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар энэ хэрэг дарагдах, замхрах нөхцөл байдал үүссэн. Мөн Х.Баттулга нь Ерөнхийлөгч болсноосоо хойш прокурор, шүүгчдийг шууд огцруулж болдог хуулийн өөрчлөлт оруулж, өөрийнх нь авилгын хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сольсон байдаг.

Монголын төмөр замын төсөл тойрсон авлигын хэрэг одоо ч эцэслэгдээгүй хэвээр байна. Энэ төсөлд зарцуулсан олон сая ам.доллараас одоо нэг ч цент байхгүй.

Харин говийн уудам талд олон зуун метр үргэлжлэх шороон далан л үлдсэн байна.

Энэ мөнгөний тодорхой хэсэг нь Маккензи руу орсон билээ.." гэх зэргээр ноцтой мэдээллийг дэлхийд түгээсэн байдаг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас 1-5 насны гурван хүүхэд амиа алдлаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас 1-5 насны гурван хүүхэд амиа алдлаа
 
SOCIAL POP:  “Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...“
SOCIAL POP: “Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.