Монгол Улс нийт 6.511.4 км асфальтан буюу бидний хэлж заншсанаар засмал замтай. Энэ урт замыг зөвхөн ганцаараа ашиглаж, эзэмшдэг мэт аминчхан хандлагатай жолооч нар байдаг.
Зам дээр чулуу гаргаж тавьчхаад буцааж авалгүй орхино. Цонхоор хогоо хаяна. Замын зорчих хэсгийг эвдэлж, сүйтгэнэ. Замаа бүрэн чөлөөлөхгүй зогсоод бие засна. Шаардлага тавихаар "Чамд ямар хамаатай юм...". Энэ мэт би л болж байвал бусад нь яах вэ гэх шиг амиа бодсон үйлдэл их ээ.
Жишээ нь автомашин нь эвдэрсэн тохиолдолд зориулалтын зогсоолд зам чөлөөлж зогсохгүй. Зөрж өнгөрөх хоёрхон урсгалтай замын нэгийг бүхлээр нь таглаж автомашинаа зогсоогоод янзална. Ослын тэмдгээ мартчихсан эсхүл байхгүй бол том том чулуу овоолж тавиад орлуулна. Ингээд автомашинаа янзалж дуусаад өнөөх чулуугаа тэр чигт нь орхиод хөдөлнө. Энэ чулуу нь ардаас ирж яваа өөр олон автомашины жолоочид саад болж байдаг. Зам дээр гэнэтхэн гарч ирсэн энэ саадаас болж сандарч, мэгдсэн жолооч, рулээ огцом эргүүлж, замын шон мөргөх, онхолдох гээд том хохиролтой ноцтой осол гарч, олон хүний амь нас, эрүүл мэнд эрсдэхэд хүрнэ.
Нэг жолоочийн ийм аминчхан хандлага нэг гэр бүлийн амьдралыг дуусгах ч аюултай тул орон нутгийн замд зорчиж яваа жолооч та бусдыг ч мөн хүндэтгэж, улсын чанартай авто замыг улсаараа ашигладаг гэдгийг санаж яваарай. Авто замаар зөвхөн та ганцаараа зорчдоггүй.
Мөн замын тэмдэг салхинд эргээд буруу харчихсан, зам дээр чулуу, мод байвал та зүгээр хараад өнгөрөлгүй, таны ард яваа бусдын аюулгүй байдлын төлөө засаад яваарай гэж уриалж байна. Бусдын буруутай үйлдлийг засаж зөвөөр үлгэрлэе. Аян замд аминчхан үзэлтэй биш амь нэгтэй явцгаая.