Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хуулийн байгууллагаас саатуулсны маргааш тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон Хөгжлийн банктай холбоотой өр болох 192 тэрбум төгрөгийг төлөх асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Сангийн яам дээр байгуулагдсан ажлын хэсэг уг асуудлаар Худалдаа Хөгжлийн банкны талтай хэлэлцээр хийж буй гэдэг мэдээллийг албныхан өгч байсан.
Тэгвэл өнөөдөр хуралдсан Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан уг зээлийн эргэн төлөлтийн асуудал зогсонги байдалд орсон гэдгийг мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын "Худалдаа Хөгжлийн банк өрөө төлье гээд Ерөнхий сайд руу захиа явуулчихсан байсан. Тэрийг төлүүлчихэж болохгүй байна уу. Яагаад ингээд удаад байгаа юм бол. Хүн мөнгөө төлье гээд байхад нь авчихмаар л санагдаад байгаа юм" гэсэн асуултад Сангийн сайд "Худалдаа Хөгжлийн банк талаас тийм албан бичиг ирсэн. Тэр бол бидний хувьд таатай мэдээ. Хүн мөнгөө бариад ирвэл төлүүлэлгүй яахав. Гэтэл тэр асуудал нөгөө талаасаа зогсонги байдалд орсон. Өөрсдөө тодорхой мэдээлэл, тайлбар тавих байх. Бид мөнгөө төлчихөөчээ, Засгийн газар талаас хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгээ хэлсэн байгаа" гэж хариуллаа.
Өөрөөр хэлбэл, Худалдаа Хөгжлийн банкныхан хэлэлцээрийн шатанд сарын өмнөх байр сууринаасаа ухарсан бололтой. Гэхдээ Засгийн газар уг асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ажээ.
Г.Баяр