Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хорио тогтоох эсэх асуудлыг даваа гарагийн 11.00 цагт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн асуудлыг энэ сарын 31-нд эх орондоо ирснийх нь дараа товлож, хуралдахаар болсон юм.
Дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх байсан ч ийнхүү ганцхан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэж, хилийн хориг тогтоосонд иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Олон хүн хилсээр яллагдахад Н.Алтанхуяг Геббэлс шиг аашилсан. Хэлмэгдүүлэх хөрсийг нь сайн бэлдсэн хүн. Харанхуй цаг. Яаж ч сөрж, хамгаалж дуугараад болоогүй юм. Одоо бол УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг бас хамгаална. Түүнийг бүү хэлмэгдүүл. Тэр өөрийгөө хамгаалах эрхтэй." хэмээлээ.
Олон хүн хилсээр яллагдахад @altankhuyag_mn Геббэлс шиг аашилсан. Хэлмэгдүүлэх хөрсийг нь сайн бэлдсэн хүн. Харанхуй цаг. Яаж ч сөрж, хамгаалж дуугараад болоогүй юм. Одоо бол УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг бас хамгаална. Түүнийг бүү хэлмэгдүүл. Тэр өөрийгөө хамгаалах эрхтэй. https://t.co/CVDgbGtnrQ
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) May 27, 2022
Сануулахад, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгаж байгаа юм.