Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талд тохижуулан зассан явган хүний зам асуудал дагуулаад буй. Тэгвэл уг асуудлаар тус дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс дараах тайлбар өглөө. Энэ талаар “Иргэдийн зүгээс нүхтэй хавтан байршууллаа гэж дургүйцсэн.
Дүүргийн хувьд сургууль орчмын бүсийн тохижилтод түлхүү анхаарч байгаа.
Өмнө нь яг энэ хэсгээр явган хүн явах боломжгүй байсан. Сургуулийн хашааны хажуугаар нэг метрийн өргөнтэй явган хүний зам байсан. Гэтэл хажуугаар нь автозам, эсрэг талд граж шахаж байршуулсан байдалтай байсан. Тиймээс гражуудыг нь буулгаж, газрыг нь чөлөөлсөн.
Чөлөөлсөн газар дээрээ ногоон байгууламж бүхий 21 автомашины зогсоол байгуулсан.
Мөн явган хүний зам нь хоёр метр гаруй өргөнтэй байхаар тохижуулсан. Иргэдийн зүгээс нүхтэй эко хавтан байршуулсан гэж бухимдсан. Гэхдээ тэдгээрийн цөөнгүй нь гражаа буулгуулсан иргэд байгаа. Нүхтэй эко хавтангаар авто зогсоол буюу карма хэсгийг тохицуулсан.
Энэ талбай нь нийт таван метрийн өргөнтэй, авто зогсоол.
Монгол Улсад нүхтэй хавттангаар явган хүний зам тохижуулдаггүй. Бидний хувьд автозогсоол яагаад эко хавтан ашигласан юм бэ гэхээр энэ хавтангийн 50 орчим хувь нь хөрсөөрөө буюу зүлэг ургах боломжтой байдаг.
Энэ утгаараа эко гэж нэрлэгддэг. Түүнчлэн энэ хэсэгт цахилгааны өндөр хүчдлийн шугам байгаа. Хэрвээ шугам сүлжээнд гэмтэл гарах юм бол энэ эко хавтанг аваад засвар үйлчилгээ хийх боломжтой болох юм" гэлээ.