Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, дөнгөж сая дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэнийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын гишүүн, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинийг эрх мэдлээ урвуулж, Хассуурийн Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлсэн юм.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгасан байдаг.
Энэ хүрээнд эдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн.
Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гэж үзсэн юм. Гэвч дээрх дөрвөн гишүүний асуудлыг "УЕП-оос УИХ-д дахин оруулна, эсвэл шүүхэд саналаа хүргүүлнэ" гэх мэдээлэл гарсны дараа ийнхүү хилинй хориг тавиулах саналаа шүүхэд хүргүүлээд байна.