Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа зодсон хэрэг энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, тус сургуулийн захирал н.Мөнхбаяр дөрөвдүгээр ангийн сурагчийг "А..... п... минь" гэж чихдэж, улмаар түүний гэргий болох англи хэлний багш н.Мөнхцэцэг нь хүүхдийг алгадснаас болж, хүүхдийн үүдэн шүд нь хугарсан гэх мэдээллийг хохирогч хүүгийн ээж өгсөн юм. Тиймээс хохирогч хүүгийн ээж А.Норъяа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Уг хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Болормаагаас дахин тодрууллаа.
-Хэрэг гарсны дараа тантай холбогдох үед сургууль дээр очиж ажилласны дараа дүгнэлтээ танилцуула гэж байсан. Дүгнэлт гарсан болов уу?
-Би тухайн сургууль дээр очиж ажиллаад ирлээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил хийж байна. Тухайн үед шүд нь унасан уу, үгүй юу гэдгийг шүүх шинжилгээний хариунаас гарна. Шинжилгээний хариу энэ сарын 30-нд гарна. Тэр үед бүх зүйл тодорхой болох байх. Гэхдээ цагдаагийн байгууллагын эхний дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр “Цохиж барьсан зүйл байхгүй. Сүүн шүдэн унасан” гэх утгатай байсан.
-Гэр бүл хөгжлийн газрын улсын байцаагч газар нь очиж ажилласан уу. Ажилласан бол ямар дүгнэлт гаргасан бол?
-Ажилласан. Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын ажиллагаа хангалттай түвшинд явагдахгүй байна. Боловсролын байгууллагын ажилтнууд сургуулийн орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдэг дүгнэлт гаргасан.
-Танай талаас дээрх хоёр багшид ямар нэг арга хэмжээ авах уу?
-Манай байгууллагаас багшийн ёс зүйд арга хэмжээ авна. Сургуулийн захирлын хувьд дүгнэлт гарсны дараа ямар арга хэмжээ авахаа шийднэ.
-Тэгвэл шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээс бүх зүйл хамаарах юм байна, тийм үү?
-Тийм. Үнэхээр сүүн шүд нь унасан уу. Эсвэл цохиулаад шүд нь хугарсан уу гэдэг нь тодорхой болсны дараа шийдвэр гарна.
-Гэхдээ аль ч тохиолдолд ёс зүйн хариуцлага гаргасан багш нарт хариуцлага тооцно биз дээ?
-Хариуцлага тооцно. Ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь үнэн. Миний хувьд боловсролын салбар ариун байх ёстой, хэм хэмжээтэй ёс зүйтэй байх ёстой гэж бодож, шаардлага тавьдаг хүн. Хүүхэд бол хүүхэд. Маргалдаж л байдаг, зодолдож л байдаг.
Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Болормаа бидэнд ийм тайлбар өгсөн юм. Тиймээс Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал н.Мөнхбаяртай утсаар холбогдлоо.
-Сайн байна уу. UBN.mn сайтаас холбогдож байна. Сурагчтайгаа ёс зүйгүй харилцсан хэрэг гарсан. Энэ талаар таниас тодруулахаар холбогдож байна?
-Би ямар нэг тайлбар өгмөөргүй байна.
-Ганцхан асуулт асуух гэсэн юм?
-Увс аймагт ирээд уулзаарай.
-Улаанбаатар хотоос холбогдож байгаа юм аа. Та хохирогч хүүтэй уулзсан уу?
-Би тайлбар өгөхгүй гэсэн юм. Ямартай ч ирэх даваа гарагт шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарах юм байна. Уг дүгнэлтээр хэрвээ хүүгийн шүдийг хугартал цохьсон гэдэг дүгнэлт гарвал н.Мөнхбаяр захирал хийгээд түүний гэргий англи хэлний багш н.Мөнхцэцэг нар хуульд зааснаар хариуцлага хүлээх нь лавтай.
Хүүгийн ээжийн ярилцлагыг энд дарж уншина уу.