Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхлэн төр иргэний мэдээллийг ашиглахдаа зөвшөөрөл авдаг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас иргэнд мэдэгдэл хүргэх системийн талаар мэдээлэл хийсэн. Цахим хөгжлийн багц хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэнд мэдэгдэл хүргэх системийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох, цахим засаглалыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр том арга хэмжээ авч байгаа . УИХ-д Цахим бодлогын байнгын хороо, мөн Цахим хөгжлийн яам шинээр байгуулагдсан. И-Монгол академи байгуулагдаж төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, авлигагүй, хүнд сурталгүй хүргэх томоохон ажил хийгдэж байна.

Иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан. Цаашдаа энэ онд 1200 орчим төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, аймаг, сум, нийслэлд байгаа төрийн хүнд сурталтай үйлчилгээнүүдийг сайжруулахын тулд цахимжуулах оруулахаар ажиллаж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн 650 гаруй үйлчилгээг цахимжуулснаар Монголын эдийн засагт томоохон хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо судалгаа байна. Цахимжилт бол төрийн үйлчилгээг сайжруулахад хамгийн том үүрэг гүйцэтгэж байна.

И-Монгол платформд шинэ үйлчилгээ нэвтэрч байна. Энэ бол мэдэгдэл хүргэх систем юм. Иргэн бүрийн мэдээлэл төрт хадаглагддаг. Төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардаж, давхар хүнд суртал гаргадаг. Цаашид төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаарддаг асуудал байхгүй болж байна. Мөн иргэдийн мэдээллийг төр хувь хүний зөвшөөрөлгүй ашигладаг тохиолдол олон гарсан. Цахим гэмт хэрэг гарах үндэс суурь болдог.

Одоо нэвтэрч буй мэдэгдэл хүргэх шинэ системээр дамжуулан төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж зөвшөөрөл авна. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашигладаг асуудалд өнөөдрөөс цэг тавьж байна.

Хувь хүний мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд и-майл, мессеж, мэдэгдэл зэрэг хэлбэрээс сонгон мэдэгдэл хүлээн авна" гэв.

“ЖДҮ-ийн сангийн 100 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл үлдсэн“
“ЖДҮ-ийн сангийн 100 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл үлдсэн“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.