Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит "Их Эе"-ийн хурал 2022 оны 4 дүгээр сарын 9-нд буюу ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнд 11.00 цагаас болно.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрмийн дагуу МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс "Их эе"-ийн товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг баталдаг. Энэ хүрээнд 2022 оны өнгөрсөн сарын 21-ны өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн хуралдаж Ээлжит Их Эеийг хуралдуулах санал дэмжигдсэн.
Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцоно. МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Тухайлбал, Улсын аварга 11, Улсын арслан 11, Улсын гарди 11, Улсын заан 28, Сонгуульт хугацааны тэргүүлэгч 9 хүн байна.
МҮБХ-ны дүрэмд зааснаар бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан, зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. Тухайлбал, Бөхийн зүтгэлтэн 5, бөх судлаач 5, бөх тайлбарлагч 5, гарын даа 5, засуул 8, хөлийн цэц 5 хүн байгаа аж.
Мөн дүрэмд зааснаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон 1, начин цолтон 2, Аймаг, цэргийн цолтон 1, нийт 4 бөхийг сонгон оролцуулна.
Ээлжит "Их Эе" хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар бус өөрийн биеэр оролцох ёстой аж. Мөн Улсын харцага /мөн начин/ цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заасан тоонд хүргэн оруулж болно гэж МҮБХ-ны дүрэмд заажээ.