Монголын шилдэг циркчдийн хамтарсан "Diamond circus show" удахгүй болох гэж байгаатай холбогдуулан "Diamond" циркийн Ерөнхий зохион байгуулагч Ц.Өсөхжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу. Удахгүй болох тоглолтынхоо талаар ярилцлагаа эхлүүлье. Энэ талаар мэдээлэл хүргээч?
-Сайн байна уу. "Diamond circus show" маань хоёрдох удаагаа бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Эхний тоглолт маань ковид гарахаас өмнө тоглогдож байсан. Энэ удаагийн тоглолтод 60 гаруй уран бүтээлч оролцох юм. Эдгээр уран бүтээлчид маань бүгдээрээ дэлхийн "А" зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож шилдгээр шалгарч, Монголын нэрийг дэлхийд тамгалж явдаг шилдгүүд юм.
-Эдгээр уран бүтээлчид нь бүгд гадаадад тоглодог бол энэ тоглолтод зориулж Монголд ирсэн гэсэн үг үү?
-Энэ 60 гаруй уран бүтээлчид тоглолтын дараа ихэнх нь буюу 80 гаруй хувь нь өөр улсуудруу явна. Тоглолт болон ковидоос шалтгаалан Монголдоо түр ирсэн хүмүүс байгаа юм.
-Энэ тоглолтыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ гэж сонссон?
-Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтот бүлгийн 2500 хүүхдийг баярлуулахаар төлөвлөсөн. Гурван өдөр тоглогдох тоглолтын эхний өдөр буюу 4 сарын 1-ний өдөр бүх хүүхдийг үнэ төлбөргүй үзүүлэх юм.
-Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Тоглолтын ажил жигдэрч байгаа. Бүх уран бүтээлчид маань бэлтгэлээ хангаад ерөнхийдөө 80 хувьтай явж байна. Цирк үзэх нь хүүхдүүдэд насан туршийн гоо зүй, эр зоригийн дурсамж үлдээдэг.
-Тоглолтод оролцох 60 гаруй уран бүтээлчид нь ямар ямар үзүүлбэр үзүүлэх вэ. Амьтантай үзүүлбэрүүд байгаа гэсэн ?
-Манай тоглолт нийт 90 минут үргэлжилнэ. Циркийг бүхий л төрлийн үзүүлбэр тэр дотроо агаар гимнастик, жонгулиар, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой, үзүүлбэрүүд гээд циркийн бүхий л төрлүүдийг шингээсэн.
Цирк бол гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой дэлхийд байдаг цорын ганц урлаг. Гэр бүлийн уур амьсгалыг маш сайхнаар бүрдүүлж өгдөг.
-Манай улсын хувьд циркчдийг хир их дэмждэг бол. Эдийн засаг болон бусад нөхцөлийн хүрээнд?
-Монгол Улсаас циркчдэд ямар ч дэмжлэг санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй. Харин гадаад улсын том циркүүд монгол уран бүтээлчдийг урьж тоглуулдаг.
-Одоо болох гэж буй тоглолт нь Монгол бөхийн өргөөнд тоглогдох юм билээ. Бөхийн өргөө циркийн үзүүлбэр үзүүлэх стандарт, шаардлагыг хангадаг юм уу. Ер нь циркийн хувьчлалын асуудал хир их нөлөөлж байна вэ?
-Цирк бол эргэн тойронд гарч тоглодог онцлогтой, асар том орон зай талбай шаарддаг урлаг. Одоогийн байдлаар циркийн тоглолт болоход хамгийн боломжтой газар бол Монголд бөхийн өргөө л байна. Гэхдээ мэргэжлийн талбай, тоног төхөөрөмж, даацын хана бэхэлгээ гэх мэт зориулалтын зүйлсийг гүйцэхгүй. Тиймээс бид бүхэн тоглож болох хэмжээний үзүүлбэрүүдээ үзүүлнэ. Мэргэжлийн зориулалтын тайз, барилга байхгүй байгаа нь мэдээж маш ихээр нөлөөлж байгаа.
Зориулалтын бус газар тоглоно гэдэг бол маш эрсдэлтэй ур чадвар, мэргэжлийн өндөр чадвар шаардагдана.
-Манай улс циркчидээ дэмждэггүй. Харин гадаад улсууд урьж тоглуулдаг гэсэн шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол улсын хөгжилтэй салшгүй холбоотой. Өндөр хөгжилтэй орнууд хэдэн зуун цирктэй байдаг. Гэтэл манай улс ганц байгаа циркээ устгаад нураагаад тавьчихсан. Циркийн уран бүтээлчид маань улсдаа тоглох боломжгүй байдаг учир "амьдралаа хөөгөөд" гадаад улсуудын урилгаар явчихдаг.
Манай циркийн холбоод, ТББ-ууд олон жилийн турш циркийн асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байгаа. Яваандаа бүх зүйл сайхан болох байх гэж бид бүхэн найдаж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд цирк үзэх насны 500 гаруй мянган хүүхэд байдаг. Гэтэл дөнгөж 10 хүрэхгүй мянган хүүхэд нь л цирк үзэх боломжтой байна.
Миний хувьд энэ тал дээр харамсалтай санагддаг. Илүү олон тоглолт тоглогдож олон хүүхэд цирк үзээсэй гэж хүсдэг.
Энэ ташрамд манай тоглолтыг дэмжсэн ерөнхий ивээн тэтгэгч "Туургатан" ХХК болон бусад хамтарч ажилласан байгууллагууддаа баярласнаа илэрхийлж байна.