Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо.
Тэрбээр "холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн. Талцсан, хуваагдмал байдлаа арилгахын тулд холбоод нэгдэх ёстой. Ингэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой.
Энэ хүрээнд тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй.
"Үүнд улс төр орох ёсгүй. Холбоод, дасгалжуулагчид, тамирчид, спортын хорхойтнуудын оролцоотой шийдэгдэх ёстой".
Талцал, хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал тиймээс төрийн тэргүүний хувьд шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллана" гэлээ.
Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ.