Украины Харьков хотод суралцахаар очсон манай улсын 18 оюутан дайны хүнд байдлаас мултарч эх орондоо ирж байгаа билээ. Тэгвэл тэднийг хүнд нөхцөл байдлаас гарахад багагүй дэм туслалцаа үзүүлсэн Өргөмжит Консул Эдуард Рубан холбогдох асуудлын талаар найздаа ийн ярьсан тухай түүний найз А.Тамир цахим хуудаснаа бичжээ.
Түүний найз А.Тамир "Тамираа, миний нуруун дээрээс маш том чулууг аваад хаячихсан юм шиг боллоо" гэж маш баяртайгаар хэлж байна лээ. Аргагүй биз дээ, маш олон хоног нойр хоолгүй Монгол оюутнууд, иргэдэд сэтгэлээсээ туслах гэж чармайсандаа. Оюутнуудтай холбоо тогтоох, тэдэнд зааварчилгаа, зөвлөгөө өгөх, хүргэж өгөх боломжтой хүмүүсийг нь хүргэж өгөх гээд боломжийнхоо хэрээр л хичээж ажилласан даа. Найз маань үргэлжлүүлээд ярихдаа "ойрын хэд хоног үнэхээр сэтгэл тавгүй байлаа, Харьков хотод байгаа хүүхдүүдийг яаж авчирах талаар янз бүрийн л хувилбаруудыг бодож байлаа" гэлээ. Эдуард маань өөрийн компанийн ажилчдын унааг Харьков хот руу явуулах гэсэн боловч тийшээ явчих зоригтой жолооч олдсонгүй, за тэгээд үнэ хөлсөө тохироод явуулах гэсэн чинь дайны нөхцөлд хотоос гарч болохгүй гээд цэргийн постонд зогсож буй цэргүүд нь явуулдаггүй.
Аргаа бараад Харьков хотын захирагчид албан бичиг явуулаад Монгол оюутнуудад туслах хүсэлт гаргасан, араас нь өөрөө байнга утсаар залгаастай. Оюутнуудыг ямар нэгэн аргаар галт тэргэний буудал руу очих хэрэгтэй байна гэж ятгасан. Тухайн үед хүүхдүүд бүгд айдастай байсан болохоор тэгэж зориглож явахаас бүгд татгалзаж байлаа. Сүүлд нь Львов хотод оршин суудаг Энхзаяа гэдэг бүсгүйг гуйж хүүхдүүд рүү яриулсан ба Энхзаяа нь ч хүүхдүүдийг сайн зоригжуулж ятгаж чадсан байна. Мэдээж өөрийн төрөлх хэлээр илүү ойлголцсон байх дээр нь Энхзаяа маань сайн сэтгэл зүйч юм шиг байна гэж манай хүн бас Энхзаяаг магтаж билээ. За тэгээд бүгд галт тэргэнд суусан гэдэг мэдээг аваад маш их баярлаж, тосч авах микроавтобуснуудыг бэлдээд хүлээсэн гэнэ. Цаг хугацаа явж өгдөггүй, хүүхдүүдийг хүлээсээр эцэст нь нэг юм ирцгээсэн ба Энхзаяа маань хүүхдүүдийг өөрийн гэртээ хоол ундаар дайлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн гэнэ. За тэгээд Польшийн хил рүү хүргэж өгөөд одоо ингээд тайвшраад чамтай ярьж байна гээд надтай инээгээд ярьлаа. Яриан дундаа найз маань "зарим хүүхдүүд миний талаар бас буруу ойлгоод, тэр буруу ойлгосон мэдээллээ цаашаа ээж аавдаа өгөөд миний талаар Монголд янз бүрийн юм яригдсан гэж би сонссон, гэхдээ би гомдоогүй ээ, ийм хүнд хэцүү үед хүүхдүүд айж сандарсандаа иймэрхүү гомдол гаргах нь зүйн хэрэг" гээд тоосон шинжгүй ярьж билээ. Үнэхээр манайхан бас онцгүй л загнаж байна лээ дээ. Бараг л Монгол хүүхдүүдийг ашиглаад өөрөө гэр бүлээ аваад хил даваад гарсан ч гэлүү сонин сонин юм ярьж байхыг сонсоод гайхаж билээ.
Мэдээж хэрэг Киев хотыг бөмбөгдөж эхлэхэд хэн ч гэсэн гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодно шдээ. Гэхдээ найз маань зүгээр шууд явчаагүй. Киевт байсан бүх Монгол оюутнуудыг галт тэргэнд суулгахыг нь суулгаад, заримыг нь өөрийн машиндаа аваад Львов хот руу явсан байдаг. Тэндээсээ эдгээр оюутнуудыг бүгдийг нь цаашаа Польшийн хил рүү хүргэж өгсөн юм. Өөрөө буцаж Львов хотод ирчээд хамгийн түрүүн Харьковт байгаа оюутнуудыг л авчрах талаар санаа нь зовж, Польшид байгаа ЭСЯ-хантай байнга холбоотой байж эцэст нь дээр дурдсан үйл явдлаар хүүхдүүдийг амжилттай Польшид хүргэсэн билээ. Энэ дашрамд хэлэхэд Польшид суугаа ЭСЯ-ны хамт олон бас үнэхээр нойр хоолгүй зүтгэсэн гэдгийг Эдуардынхаа ярианаас сонсоод тэдэнд бас баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Манай ЭСЯ-ныхан Польшийн ГХЯ-тай ярилцаж тохирсны дагуу Монгол иргэдийг Польшийн хилээр ямар нэгэн визгүй шууд нэвтрүүлэх боломжийг нь хангасан.
Энэ бол тийм ч амар ажил биш гэдгийг хүн бүхэн ойлгоосой. Ингэсний ачаар манай иргэд ямар ч саадгүйгээр Украинаас Польшийн нутаг руу нэвтэрсэн. Тэгээгүй бол виз мэдүүлнэ, авна гээд бас хөөрхөн хэд хоног саатах байсан л даа. Үүний ачаар манай иргэдийг саадгүйгээр хил нэвтрүүлэх ажиллагаа явагдсан. Би найзыгаа одоо Монголд гэр бүлтэйгээ хүрээд ирээ гэж хэллээ. Тэгсэн одоо дахиад өмнө нь мэдэгдэж байгаагүй болон өмнө нь явахгүй гэж байсан Монголчууд байгаа, тэд нарыг бас авчирах ажил байна гээд халгаасангүй. Би түүнд маш их баярлалаа гэхээс өөр үг хэлж чадсангүй. Мэдээж Монголд гэр бүлээрээ ирэхэд овоо хөөрхөн зардал гарна, ядаж байхад түүний бизнес одоо нам зогсчихсон, ер нь цаашид үргэлжилнэ гэхэд бас хэцүү болсон байгааг түүний ярианаас би маш сайн ойлгож мэдэрсэн л дээ. Дээр нь Киев хотод байгаа гэр орон нь одоо яаж байгаа бол гээд санаа нь зовоостой.
Тэр их дэлбэрэлт, бөмбөгдөлт Киев хотод болж байхад мэдээж хэрэг хүн яаж орон гэрийнхээ төлөө санаа нь зовохгүй байх билээ. Найз нь чамд тусланаа чи битгий санаа зов гэж найзыгаа тайвшруулах гэж оролдлоо. Тэрээр цаанаа л нэг гунигтайгаар "маш их баярлалаа" гэж хариуллаа. Гэхдээ эхлээд энд байгаа бүх Монголчуудыг гаргаж дуусгаадхая гэж байна. Тэгэхээр нь би Монголчуудыг гаргаж дуусчихаад заавал ирнэ шүү гээд амыг нь авлаа. Тэрээр миний үгийг авч "за тэгнээ" л гэж байна. Ямартаа ч найзыгаа Монголд ирэхийг зөвшөөрсөнд би дотроо битүүхэндээ баярлаад. Найз нь байр орон сууц, онгоцны зардлыг чинь ямар ч байсан аргалнаа. Чи зүгээр л эхнэр 2 хүүхдээ аваад л хүрээд ир гээд хэлчихлээ. Найз маань цаанаа баярлаж байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэрээр Монголд үнэхээр элэгтэй залуу шүү. Ямар сайндаа Монголын төрөөс нэг ч төгрөгийн цалин авдаггүй мөртлөө өөрөө бас нилээдгүй зардал гаргаж Монгол иргэдэд туслаад гүйгээд байхав дээ.
Бага нас нь Монгол улсад тэр дундаа Дархан хотод өнгөрсөн тул Монгол улс түүний 2 дахь эх орон нь гэж үргэлж ярьдаг. Өргөмжит консул болоогүй байхдаа хүртэл Монгол-Украины эдийн засаг, бизнес, соёл урлаг, спорт гээд бүхий л чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар маш их хүчин чармайлт гаргаж ажиллаж байсныг нь маш сайн мэднэ. Консул болсноос хойш ч гэсэн энэ ажил нь улам идэвхжиж, цар хүрээ нь улам өргөжиж байгаа билээ. Консул болоод жил хүрэхгүй хугацаанд хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимын уулзалтыг санаачлан зохион байгуулсан, Монгол-Украин улсын парламентийн түвшинд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн, хамгийн гол нь бизнесүүдийг холбох ажлууд нь маш сайн үр дүнгээ өгч байгаа юм. Сүүлийн 3-4-хэн жилийн дотор 2 орны худалдааны эргэлт нилээд өндөр хувиар өссөн байдаг юм. Ямар ч байсан найзыгаа Монголд авчираад хөдөө гадаа явж сайхан амраанаа..." гэсэн байна.