Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Монгол Улс сүүлийн хоёр жил гаднын нөлөөтэйгээр эдийн засгийн шокт их өртөж байна. 2020 онд гарсан коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эдийн засагт үүссэн хүндрэлийн ард гарсан гэж бодож байсан. Гэтэл Украины дайнтай холбоотой дахин эрсдэл үүсч байна. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Энэ бол чамлалттай тоо. Цаашдаа ямар бодлого барьж ажилласнаар энэхүү өсөлтийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа.
Манай улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг.
Гэтэл SWIFT сүлжээ ОХУ-ын байдлаас улбаалж, Олон Улсын хоригт орсон. Тэдний мэдээлж буйгаар, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлд орно.
Мөн АНУ-аас гаргаж буй хоригтой холбоотой мэдээллийг нарийн судлах шаардлага байна. Шатахуун, цахилгаан эрчим хүчтэй холбоотой төлбөрийн гүйлгээг хаахгүй байж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ мэдээллийг баталгаажуулж судална. Мөн гүйлгээ хийхийг зөвшөөрөгдсөн банкуудаар үйлчлүүлэх боломж, гарцыг хайна. Үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж дээрх асуудлыг нарийвчлан ярилцана.
Мөн зүүн европоос авдаг хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирдэг. Энэ үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл учирсан" гэлээ.