“Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг зохион байгуулжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.