Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн боловсролын коллежийн үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ талаар тэрбээр "Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ-ийн жилийн төсөв 1,5 тэрбум орчим төгрөг. Ажил олгогч төгсөгчдөөс зөвхөн ур чадварыг хүсдэг. Мэргэжлийн хөтөлбөрийн өртгийг бүрэн олгодоггүйгээс хүүхдүүдийн дадлага, практикийн хичээл орхигддог. Жишээ нь тогоочын ангийн 25 хүүхэд бүр хөтөлбөрийнхөө дагуу хоол хийж үзэх ёстой. Гэтэл хөтөлбөрийн өртөг ирээгүй учраас багш нь ганцаараа хоол хийж, хүүхдүүд нь хардаг. Үсчний мэргэжлийн хүүхдүүд хүний үс нэг ч удаа тайрч үзээгүй байж төгсөх үү. Төгсөөд хүний үс засаж чадах уу. гэдэг асуудал гарч ирж байна.
Мэргэжлийн боловсролын төрийн өмчийн сургуулийн суралцагчийн тоо 42.000 гэдэг ч энэ бодитой тоо биш. Хувийн мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын төвийн хүүхдийн тоог давхцуулж хүүхдийн тоог нэмж хувьсах зардлыг өндөр тооцож авдаг санхүүжилтийн цоорхой байх магадлалтай.
Тэргүүлэх зэргийг сургууль өөрөө олгодог болсноор зэргийн үнэлэмж буурдаг сул талтай болсон. Багшийн зэрэглэлийн асуудал бүрхэг. Багшийн мэргэжлийн түвшин, ажлын ачаааллыг тогтоох журмыг шинэчлэн боловруулах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагын бүтэц орон тоог баталсан бол баталж өгдөг байх хэрэгтэй.
Мэргэжлийн боловсрол олгох Үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулахгүй бол 10 аймаг 10 өөр хөтөлбөр боловсруулж батлуулдаг. Өнөөдөр багш хөтөлбөрөө боловсруулдаг ч тухайн багш өөрийн ур чадварынхаа хэмжээнд л боловсруулна. Боловсруулсан хөтөлбөрийг тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн холбоод батлаад бүсрүүгээ шилжүүлдэг, бүсээс яаманд ирж батлагддаг сунжирсан шатлалтай явж ирсэн. Хөтөлбөр боловсруул гээд багш дээр бүх зүйлээ хаячихсан нь маш буруу тогтолцоо.
Мэргэжлийн боловсролын сургууль, коллеж, аймаг, нийслэлийн Боловсролын газар хоорондоо ямар ч холбоогүй ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш бэлтгэх тогтолцоо орхигдсон.
Цаашдаа Политехник коллеж дэргэдээ төрөлжсөн ахлах сургуультай байх боломжийг судална. Мөн ЕБС-ийн хөдөлмөрийн хичээл ийн тархай бутархай ангиудыг нэгтгэж, сургуулиудын дунд Үйлдвэрлэл, далдлагын төвүүдийг байгуулбал хүүхдүүдийн идэвх сэргэнэ, бие биенээсээ суралцах боломж бүрдэнэ. Үр дүн гарна гэж бодож байгаа.
Мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хугацаатай өгдөг. Мэргэжлийн тусгай зөвшөөрлөө сургууль бүр авахын тулд нэг зөвшөөрлийг 350.000 төгрөгөөр авах жишээтэй. 20 мэргэжлийн тусгай зөвшөөрөл авна гэж үзвэл нэг сургууль 7 сая төгрөг төлөх нь. Хугацаа дуусах бүрт, мэргэжлийн зөвшөөрөл авах бүртээ мөнгө төлдөг ийм сонин тогтолцоо байж таарахгүй. МСҮТ-ийн үйл ажиллагаа цайны газар, аль нэг цэнгээний газрынхтай адилгүй" гэжээ.