"Эрэл" групп Хөгжлийн банкнаас 2013 онд 65.5 тэрбум, 2014 онд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан ба өнөөдөр эдгээр зээлүүд нь чанаргүй зээлүүд болсон талаар мэдээлж байгаа. Энэ талаар "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат Өдрийн сонинд "Засгийн газар тогтоолоор баталгаажуулчихаад байшин бариулах захиалга өгнө гэж намайг хуурна гэж яаж санах вэ дээ" гарчигтай ярилцлага өгчээ. Өөрөөр хэлбэл төрөөс зээл авч төрд барилга шахах гээд бүтэлгүйтсэнд нь төр буруутай гэх утга бүхий санааг илэрхийлжээ.
Тэрбээр ярилцлагадаа "Байшин үйлдвэрлэх комбинат бол агаар, хөрсний бохирдлыг бууруулж Улаанбаатар хотын 184.000 өрхийг баталгаажуулах онцгой чухал түүхэн үүрэгтэй, Засгийн газрын зөвшөөрөлтэй төсөл. Бид энэ үйлдвэрт жил бүр 150.000 м2 соёл олон нийтийн барилга, байгууламж буюу сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, нийтийн орон сууц, 5000 айлын амины орон сууцыг жил бүр захиалж тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэж тодорхой дурдсан юм шүү.
Нэг үгээр хэлэхэд захиалга худалдан авалтын баталгаатай болсон гэсэн үг. Ийм төсөл Хөгжлийн банкны яриад байгаа найдваргүй ангилалд орсон 1.7 их наяд төгрөгийн зээл дотор нэг ч байхгүй. Би баталгаатай хэлнэ.
Эцсийн эцэст Засгийн газар, УИХ, ҮАБЗ-ийн зөвлөмж, тогтоолоор баталгаажчихсан байхад яаж намайг хуурч байна гэж бодох вэ дээ" гэж хэлсэн байна.