Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Манай улсын хувьд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна" гэлээ.
Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтоосныг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.