Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдээд байна. Манай улсад Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал гэж албаны хүмүүс мэдээлж буй. ДЭМБ-аас Омикроны халдварлах чадвар дельта хувилбараас 1.3, Ковид-19-өөс 4 дахин их байгааг мэдээлсэн.
Ковидын халдвараар өвчлөгчдийн 70 гаруй хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хүлээн авч, тусламж, үйлчилгээ үзүүлсээр байна. Ерөнхийдөө ковидын үеийн эрүүл мэндийн салбарын гол ачааг нуруун дээрээ үүрч яваа гэхэд хилсдэхгүй. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тасалдаж, зогсоход хүрээд байгаа талаар бид өмнө нь сурвалжилсан.
Хэрэв манай улсад Омикрон хувилбар бүртгэгдэж давлагаа үүсвэл Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэрхэн ажиллах талаар өрхийн эрүүл мэндийн төвүүдээс тодрууллаа.
БЗД-ийн нэгдүгээр хорооны “Хүн төвт” ӨЭМТ-ийн их эмч Д.Болормаа:
“Ковидоор өвчлөгсдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэрээр эмчлэх журам гарч, өрхийн эмнэлгүүд хяналтад авсан. Халдварын оргил ачааллын үед өдөрт 60-70 хүнээс халдвар илэрч байсан. Тэднээс хамгийн ихдээ дөрвийг нь л эмнэлэгт хэвтүүлдэг. байсан. Үлдсэн өвчтөнүүдийг өрхийн эмнэлэг хариуцаж ажилласан. Үүнээс харахад 80 орчим хувийг хариуцсан байгаа юм.
Өнөөдрийг хүртэл 3644 халдвар авсан иргэнд эмчилгээ, тусламж үзүүлсэн байна. Он гарснаас хойш манай өрхийн эмнэлэгт үзүүлсэн 37 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн 17 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн 26 нь гэрээр эмчлүүлж байгаа. Гэхдээ санхүүжилт орохгүй байгаатай холбогдуулан энэ 26 хүний ердөө хоёрт нь л эмийн багц өгсөн. Бусад халдвар авсан иргэд өөрсдөө эм авч, эмчилгээ хийлгэж байгаа. Омикрон хувилбар бол ковидын шинэ мутаци. Хэрэв бүртгэгдвэл өрхийн эмнэлгүүд ковидтой адил эмчилгээ, арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөгөө гаргасан байгаа” гэдгийг хэллээ.
БЗД-ийн нэгдүээр хорооны "Хүн төвт" ӨЭМТ-ийн дарга Д.Хоролсүрэн:
N-95 маскаа ч авч чадахгүй байдалд орсон
-Эрүүл мэндийн даатгалын газраас олгодог 160 мянган төгрөгийн багцын санхүүжилт зогссон байгаа. Үүнийг энэ сарын эхний долоо хоногт нөхөж олгох талаар ЭМДЕГ-аас хэлсэн. Танай эмнэлгийн хувьд санхүүжилт нөхөж орсон уу?
-Манай эмнэлгийн санхүүжилт одоогоор ороогүй байна. Ерөнхийдөө аравдугаар сарын 100 сая төгрөгийн санхүүжилтийн 50 хувь, арваннэгдүгээр сарын нэхэмжлэл болох 67 сая төгрөгийн 70 хувь, арванхоёрдугаар сарын санхүүжилт бүтэн ороогүй байгаа.
-Холбогдох байгууллагуудаас энэ талаар албан мэдээлэл өгсөн үү?
-Он гараад буюу энэ сарын 3-ны өдөр мэдээлэл өгнө гэж байсан ч одоо хүртэл ороогүй байна.
-Санхүүжилт ороогүй байгаатай холбогдуулан ямар нэг хүндрэл асуудал үүссэн үү?
-Одоогийн байдлаар халдварын тохиолдол багасаж, ачаалал харьцангуй буурсан. Гэвч он гарснаас хойш халдварын тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байна. Хэрэв өвчлөл дахин өсвөл ЭМД-ийн сангаас санхүүжилтээ авч иргэдэд эмийн багцыг нь олгож чадахгүйд хүрнэ.
-Нэг хүний 160 мянган төгрөгийн багцад юу, юу багтдаг юм бол?
-Ковидын эмчилгээний стандартад орсон 11 төрлийн эм, хоёр удаагийн үзлэг шинжилгээний төлбөр, эмчийн үзлэг, шинжилгээ, ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгсэл багтдаг. 160 мянган төгрөгийн 30 хувийг нь эмч, эмнэлгийн ажилтанд олгох ёстой байдаг. Гэвч бүрэн олгох боломж байдаггүй 20-25 хувийг нь л олгодог.
-Санхүүжилтийн мөнгийг нөхөж олговол юунд зарцуулах вэ?
-Санхүүжилтийн мөнгө эм тарианы нөөц бүрдүүлэх, хамгаалалтын хувцас хэрэгсэл авах зэрэгт зарцуулагдах юм. Бид N95 маскаа ч авч чадахгүй байдалд орсон. Хоёр давхар маск зүүгээд л ажиллаж байна. Омикрон хувилбар бүртгэгдэж, санхүүжилтийн мөнгө орж ирэхгүй хэвээр байвал өрхийн эмнэлгүүд хүнд байдалд орно.
Омикрон хувилбарын халдварлах чадвар ковидоос дөрөв дахин их. Тиймээс омикрон орж ирсэн тохиолдолд эмнэлгүүд ковидын үеийнхээс дөрөв дахин илүү ачаалалтай ажиллана гэж ойлгож байгаа.
Түүнчлэн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр ЭМЯ, НОК, ХӨСҮТ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “КОВИД-19” халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, коронавируст халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосоод байгаа.
БЗД-ийн гуравдугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ-ийн дарга Б.Номинчулуун:
“Эмнэлгүүд хоёр жилийн турш ковидын нөхцөл байдалд ажилласан. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр туршлагажсан гэж ойлгож болно. Хэдийгээр санхүүжилт тасалдаж байгаа ч эмийн сан болон бусад харилцагч байгууллагуудтайгаа холбогдож эмнэлгийн нөөцөө тодорхой хэмжээгээр хадгалсан, мөн хүний нөөцөө ч төлөвлөсөн байгаа. Хэдийгээр эмч нарын ачаалал маш ихээр нэмэгдэх ч Омикрон хувилбар орж ирсэн тохиолдолд тодорхой хэмжээний бэлтгэлтэй байгаа гэж үзэж болно” гэлээ.
БЗД-ийн гуравдугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Сувд-Эрдэнэ:
“Омикрон хувилбар бүртгэгдсэн тохиолдолд өрхийн эмнэлгүүд ажиллах төлөвлөгөө боловсруулсан. Одоогоор ЭМЯ, дүүргийн эрүүл мэндийн төвөөс гаргасан тушаалын дагуу нөөцийн судалгаа хийж, нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна. Нөөцийн судалгаанд хамгаалах хувцас хэрэгслийн нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүн хүчний нөөц зэрэг багтдаг” гэв.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид “Санхүүжилтээс шалтгаалсан асуудлууд шийдэгдвэл Омикрон хувилбар бүртгэгдсэн ч харьцангуй бэлэн байдалд байна. Учир нь Ковид, Омикрон адилхан халдвар учир эмчилгээнд онцын өөрчлөлт орохгүй” гэх нэгдсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Тэгвэл ӨЭМТ-ийн санхүүжилтийн асуудлын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт эхнээсээ ороод эхэлсэн. Энэ долоо хоногтоо багтаж бүх санхүүжилт бүрэн олгогдоно” гэдгийг хэлсэн юм. Үүнээс дүгнэхэд өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудал энэ долоо хоногтоо багтан шийдэгдвэл манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэн ч ӨЭМТ-үүд тодорхой хэмжээгээр бэлэн байгаа юм.