Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбатыг солих ажлыг 14 хоногийн дотор яаралтай цэгцэлж, бүлгийн даргаар Ж.Батсуурийг тавихаар тохирчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 46 секунд

Ардчилсан намынхан 2022 оны улс төрийг хамгийн түрүүнд эхлүүлж, ажлын эхний өдрөөс эхлээд л улстөржлөө. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонх өчигдөр “Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгээгүй ч гэсэн 10 дүгээр сард болсон Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн” гэж мэдэгдэв. Тиймээс Ардчилсан намын асуудлыг цаашдаа О.Цогтгэрэл талынхан шийдвэрлээд явах аж.

Мөн өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ бүлгийн дарга Д.Ганбатыг өнгөрсөн 11 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Д.Ганбат гишүүнийг уг шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намынхан ойрын 10-14 хоногийн дотор бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн тавихаар тохирчээ. Нэгэнт шүүх нааштай шийд гаргасан учир О.Цогтгэрэл талынхан өнгөрсөн 11 дүгээр сар шиг хүлээхгүй гэж тохирчээ. Өөрөөр хэлбэл тун ойрын хугацаанд Д.Ганбатыг түлхэж “унагах” гэнэ. Уг нь хонгор нутгаас гаралтай Д.Ганбат гишүүн экс Ерөнхийлөгчтэй тун ойрын харилцаатай байсан ч өнгөрсөн жилээс эхлээд таарамжгүй болцгоосон. Ерөнхийлөгчдөө түрүүлж гомдсон хүн нь Д.Ганбатыг гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Тиймээс Д.Ганбат өнгөрсөн хавраас эхлээд ил цагаанаар С.Эрдэнэ талд зогсож ирсэн билээ. Гэхдээ Д.Ганбат даргыг С.Эрдэнэ талыг налсанд нь биш, угаасаа огцруулах үйл ажиллагаа яваад эхэлсэн учраас Д.Ганбат нэг хэсэгтээ арьсаа хамгаалахын тулд С.Эрдэнэд "дагаар" орсон түүхтэй. Ингээд болоогүй. Д.Ганбат өөрийгөө "хамгуулахаар" лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюундарь тэргүүтэй нөхдийг хажуудаа авсан ч харамсалтай нь эцэстээ суудлаа алдахад хүрч байна.

Мөн бүлгийн дараагийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тавихаар ярилцсан байж магадгүй гэдгийг эх сурвалж онцоллоо. Ж.Батсуурь бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Уг нь өнгөрсөн 10 дугаар сард анх Д.Ганбатыг огцруулах шийдвэр гаргахдаа оронд нь бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилохоор шийдвэрлэж байсан. Тэгвэл энэ удаад томилгооны шийдвэрээ өөрчилж Ж.Батсуурийг дарга болгох хувилбар яригджээ. Нэг нутгаас сонгогдсон энэ хоёр гишүүний хувьд арай олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нь Ж.Батсуурь. Өнгөрсөн хугацаанд Н.Ганибал улс төр хийх гэж урдуур нь орж баахан гүйсэн. Харин Ардчилсан намын толгойтой болгон өрвөлзөж, том жижиг асуудлаар улс төр хийж явахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь л ганцаараа чимээгүй явж ирэв. Магадгүй энэ нь түүний бүлгийн даргад өөрийгөө сойж, улс төрийн албан тушаалд өөрийгөө нөөх шийдэлтэй ч холбоотой байх. Товчхондоо Н.Ганибал болон Ж.Батсуурь хоёрын нэр л солигдож байгаа болохоос цаанаа нэг хүн гэж ойлгоход хилсдэхгүй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр давхар яригдаж буй гэнэ. УИХ-д хоёр ч удаа сонгогдсон, массаас өөрийн гэсэн дэмжлэгтэй зэрэг нь түүнд давуу тал болж болох юм.

Үүнээс гадна АН-ын бүлэг дотор давхар яригдаж байгаа нэг томилгооны асуудал бол УИХ-ын дэд даргын суудал гэнэ. С.Одонтуяагийн оронд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон гэх мэдээлэл байна. Д.Бат-Эрдэнийн хувьд АН-даа нөлөөтэй, хөрөнгө мөнгө сайтай түүнчлэн эрх баригчидтай ч маш сайн харилцаатай гэдэг. Ялангуяа түүнийг У.Хүрэлсүхтэй багш шавийн барилдлагатай, маш ойрын харилцаатай гэсэн яриа саарал ордны "тамхины цэг"-ээс сонсдох болсон. Бүлгийн даргыг бүлэг дотроо шийддэг бол УИХ-ын дэд даргыг чуулганаар томилдог. Тийм учраас дараагийн УИХ-ын дэд дарга нь МАН-ын дэмжлэгийг ч авах шаардлагатай болж байгаа юм. Энэ шалгуурыг Д.Бат-Эрдэнэ хангаж байгаа ажээ.

Ийнхүү өнгөрсөн хавраас хойш яригдсан уг хоёр томилоо тун удахгүй явах бололтой.

Г.Лхагвадорж

Өнчин үлдсэн Ндакаси горилл асран хамгаалагчийнхаа гар дээр нас баржээ
Өнчин үлдсэн Ндакаси горилл асран хамгаалагчийнхаа гар дээр нас баржээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.