
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, БНХАУ-ын “Elion Resources Group” компанийн дэд ерөнхийлөгч Гуо Вэйлян нар “Цөлийн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Elion Resources Group” нь 1988 оноос БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын нутаг дахь Күбүчи цөлд цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлийг тогтворжуулах, доройтсон газрыг нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлж ирсэн олон улсын туршлагатай групп юм.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын мэдээллээр тус групп Ордос хотын Күбүчи цөлд 11 мянга гаруй ам дөрвөлжин километр доройтсон газрыг нөхөн сэргээж, 100 мянга орчим тариаланч, малчны амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Тус группийн туршлага нь төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн оролцоог уялдуулан экологийн нөхөн сэргээлтийг ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мал аж ахуй, аялал жуулчлалтай хослуулдгаараа онцлог юм.

“Elion Resources Group” нь 2015 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын “Land for Life” тусгай шагналыг хүртсэн. Мөн тус группийн үүсгэн байгуулагч Ван Вэньбяо 2017 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Champions of the Earth” шагналыг насан туршийн амжилтын төрөлд хүртжээ.
Санамж бичгийн хүрээнд:
* Дундговь аймгийн цөлжилт, газрын доройтол, бэлчээр, хөрс, усны нөөц, ургамал, уур амьсгалын суурь судалгаа хийх;
* “Цөлийн хөгжил” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн шийдэл, хэрэгжүүлэх үе шат болон хөрөнгө оруулалтын загварыг хамтран боловсруулах;
* Элс тогтворжуулах, бэлчээр, экосистемийг нөхөн сэргээх, ус хэмнэх технологи, сэргээгдэх эрчим хүч, нарны цахилгаан үйлдвэрлэлийн сүлжээ болон ногоон үйлдвэрлэлийн шийдлийг нутагшуулах;
* Дундговийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон туршилт, үлгэр жишээ талбай байгуулах;
* Малчид, малчдын хоршоодын оролцоонд тулгуурласан тогтвортой мал аж ахуй, ногоон бүтээгдэхүүн, өртгийн сүлжээг хөгжүүлэх;
* Олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг татах чиглэлээр хамтран ажиллана.
Талууд ажлын 15 хоногийн дотор хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн үе шат, хугацаа, санхүүжилт, хариуцагч болон хүрэх үр дүнг тодорхойлсон төлөвлөгөө боловсруулна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Ордос хотын Күбүчи цөлийг нөхөн сэргээсэн бодит туршлага, технологийг Дундговь аймгийн онцлогт тохируулан нутагшуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулахын зэрэгцээ малчдын амьжиргаа, ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн хөгжлийн шинэ загварыг бий болгоход чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!