Авлигын эсрэг үндэсний хороо "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" сэдвийн хүрээнд хуралдлаа. Хуралдаанаар тус хороо байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудыг холбогдох албаныхан танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид хэрэгжүүлэх болон анхаарах шаардлагатай ажлуудын талаар дурдлаа.
Тэрбээр "Бидэнд авлига гэж өөрсдөө үздэггүй хэд хэдэн зүйл байна. Есдүгээр сарын нэгэнд боловсролын салбарт сургуулийн хуваарь солихтой холбоотой асуудал. Мөн эрүүл мэндийн яаманд утасдаж хүн эмнэлэгт хэвтүүлэхтэй холбоотой асуудал гардаг. Харьяаллын бус хаягийн цэцэрлэгт шилжих гэж цэцэрлэгийн эрхлэгчид тодорхой хэмжээний бэлэг дурсгал өгдөг. Үүнээс гадна НЗДТГ-т зөвшөөрөлтэй холбоотой асуудал байна. Яамдуудад самарны тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалтын тусгай зөвшөөрлүүд, дулаан хангамжтой холбоотой тусгай зөвшөөрөл бүрийн ард нугалаа үүсэж авлигын хүнд суртал үүсэж байна" гэв.