Авлигын эсрэг үндэсний хороо хуралдаж байна. Хурлаар "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 111 дүгээр байрт жагсаж байгаа нь таатай үзүүлэлт биш. Тиймээс бид хоёр жилийн дотор буюу 2024 оноос өмнө хоёр оронтой тоод орох зорилтыг тавьсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл авлигыг мэдээлж байгаа хүнийг эрх зүйн хувьд хамгаалах шаардлагатай. Энэ хуулийг өнөөдөр УИХ-д өргөн барьж байгаа.
Төрийн албан хаагчиддаа хандаж хэлэхэд авлигатай холбоотой асуудалд Ерөнхий сайдын хувьд хамгаалж чадахгүй гэдгээ хэлье. Төрийн сайдаас эхлээд төрийн албан хаагч хүртэл хэрэв авлигатай холбоотой асуудал үүсвэл хэн ч бай ялаа эдлэ. 90 орчим тэрбум төгрөгийг буцаан төлүүлсэн нь нэг талдаа сайшаалтай ч нөгөө талдаа асар их хэмжээний шамшигдалт байсныг илчилж байна. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа улам эрчимтэй үргэлжилнэ. Авлигатай тэмцэх үндэсний хороо өнгөрсөн таван сарын хугацаанд сайн ажилласан.
Төрийн албан хаагчдад дахин нэг зүйл сануулж хэлэхэд хэн нэгнээр надруу утасдуулаад ямар ч хэрэггүй. Эрдэнэс Монгол ХХК-аас эхлээд холбогдох нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудад олон асуудал үүссэн. Авлигын эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Хэрэг хийсэн мөртлөө гадагшаа гарч яваад тэндээсээ сүртэй мэдэгдэл явдаг асуудал бий. Цаашдаа энэ хүмүүсийн нэрийг зарлах шаардлага үүсэж байна" гэв.