11 жилийн өмнө "Худалдаа хөгжлийн банк"-наас 16 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэн Г.Сэржхоролын талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ХХБ-тай албан ёсны уулзалт хийж, ойлголцлоо нэгтгэсэн байна.
Тэрбээр "ХХБ-ны гүйцэтгэх удирдлагуудтай уулзаж албан ёсоор хариу гардан авлаа.
Банкууд зээлээ цааш нь зарж шилжүүлдэг энэ нь хууль ёсны зүйл гэсэн хариу авсан.
Би, банк санхүүгийн байгууллагууд хэлцлээр шаардах эрхээ багцлан нэг "бүтээгдэхүүн" болгож зарж санхүүжилт босгодог аргыг мэднэ, энэ нь хууль ёсны байдгаас гадна чөлөөт зах зээлд нэн түгээмэлд тооцогддог санхүүгийн операци гэдгийг гадарлана. Энэ тал дээр маргахгүй!
Гэхдээ үнэхээр "асуудлууд" байна аа.
Та гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байна гэж байна, нээрээ тэгж.
Зээлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний барцааны гэрээ гэсэн хэсэгт 1.4 дээр " Банк барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусдад шилжүүлж болно" гэсэн заалт байна.
Үүнийг би "миний үл хөдлөх хөрөнгийг надад хэлэлгүйгээр бусдад барьцаалан банк дахин хөрөнгө босгож болно" гэж унших ёстой байжээ.
Хөөцөлдөж байсан зээл нь бүтчихсэн хөл нь газар хүрэхгүй яваа иргэн хэдэн давхар хэвлэчихсэн цаасан дунд гарын үсэг зуран зогсохдоо түмэн нөхцөл дундаас дээрх бижигхэн "боёо" гэчихсэн 1.4 заалтыг тогтож анзаарлаа юу.
За тогтоод уншлаа гэхэд дээрх байдлаар "орчуулж" ойлголоо юу. Худлаа л даа. "Зальтай" заалт гэхээс өөр арга алга" гэжээ.