УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ажил үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг хүргэж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ажил үргэлжилж байна. 22.00 цагаас санал хураалтын ажиллагаа дуусна. Ирцийн хувьд хангалтгүй байна. Энэ бол олон төрлийн шалтгаантай. Ялангуяа Хэнтий аймагт байгаль, цаг уурын хүндрэлтэй байдал үүссэн учраас ирцэд нөлөөлж байна. Зарим сумдад цас их орсны улмаас жижиг машинтай хүмүүс хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна. Өчигдрийн шуурганаар мал, ахуй нь уруудсан хүмүүс малдаа явсан, зам даваа мөн хүндрэлтэй байна. Намрын ид ажлаа амжуулах гээд сонгуулийн ирцэд нөлөөлж буй олон хүчин зүйл байна.
Хэнтий аймагт 20.00 цагийн байдлаар 31,79 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд 34,1 хувийн ирцтэйгээр санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын явцад иргэдийн идэвх сул байгаа байдал өдрөөс хойш ажиглагдсан. СЕХ болон аймаг, нийслэл, дүүргийн бүх шатны сонгуулийн байгууллагууд сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх бүхий л бололцоот арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Сонгинохайрхан дүүргийн санал авах ажил эрчимжиж байна. Санал хураалтын цаг дуусахад хэдий хэмжээнд хүрэхийг урьдчилж тооцоолох боломжгүй. Сонгогчдын идэвх сүүлийн цагуудад идэвхжиж байна" гэлээ.