МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "Намын бүлэг намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, тэдгээрт бэлтгэх асуудлаар хуралдсан. Намрын чуулганаар 250 гаруй асуудал хэлэлцэхээр жагсаалтад багтсан. Үүнээс бид дөрвөн чиглэлд онцгой анхаарч ажиллана.
-
Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч үзэх хэрэгтэй байна. Тухайлбал, Татвар, хөрөнгө оруулалт, МҮХАҮТ-ын, Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ.
-
2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийх эрхзүйн шинэчлэлийн олон хууль бий. Үүнийг бас нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Үүнд, Парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
-
2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхээр өргөн барьсан. Үүнийг сар гаруйн хугацаанд хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батална гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.
-
мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, Баялгийн сан, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хууль зэрэг эдийн засгийн эрс шинэчлэлийн томоохон багц хуулиудыг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байна гэдэгт УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдлээ” гэв.