Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үеэр мод тарьж, ургуулах ажилд иргэд нийтээр оролцох болон уул уурхайн компаниуд идэвхтэй оролцох хэрэгтэйг дурдлаа.
Тэрбээр "Мод тарьж, ургуулах ажил Монгол Улсын 330 суманд хэрэгжинэ. Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад уул уурхайн томоохон компаниуд ажиллаж байгаа. Тэр компаниуд говийн бүс нутгаа цөлжилтөөс хамгаалах ажлыг зохион байгуулж явуулна. Тэндээс баялгийг нь ухаж, ашиглаж байгаа. Тийм учраас хариуд нь нөхөн сэргээлт хийх ёстой, мод тарих ажлыг зохион байгуулах ёстой. Үүнийг компаниуд дэмжиж байгаа. Жишээ нь, "Эрдэнэс таван толгой" ХХК 180 сая мод тарья гэж байгаа. Нэг тонн нүүрс нэг мод буюу нэг тонн нүүрс аваад нэг мод тариад явбал Өмнөговьд ажиллаж байгаа уул уурхайн компаниуд Өмнөговийн цөлжилтийг зогсоох бүрэн үндэслэлтэй" гэв.