Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.
-Та төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчлэх талаар ярьж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгосон. Мөн ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар тусгасан. Иймд төрийн албан хаагчийн ажлын үнэлгээний шалгуурыг өөрчилж, цалингийн систем шинэчлэхтэй холбоотой түүврийн судалгааг энэ сард хийлээ. Судалгаанд оролцогчдын 85, түүн дотроо төрийн албан хаагчдын 84 хувь энэ өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн байна.
Дэлхийн банкнаас 2020 оны арванхоёрдугаар сард хийсэн “Өндөр чадавхитай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” судалгааны тайланд Төрийн албаны орон тоо, цалин хөлсний зохицуулалт, зардалтай холбоотой томоохон асуудлуудыг Засгийн газар шийдвэрлэх шаардлагатай байгааг дурьдсан байдаг.
-Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын ажлыг ямар зарчмаар үнэлдэг юм бэ?
-Засгийн газраас 2020 онд баталсан журмын дагуу төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын ажлыг улирал тутам үнэлдэг. Харин төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд тусгайлсан нийтлэг журам байхгүй. Тухайн салбарын онцлогоос хамаарч, үнэлгээний шалгуур журам харилцан адилгүй байдаг. Жишээ нь, эрүүл мэнд, боловсролын салбарынханд ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох талаар Засгийн газраас 2019 онд журам баталсан. Энэ журмаар зохицуулж байна. Хэдий ийм журамтай ч үнэлгээг шударга, бодитой хийж байна уу гэдэг асуулт дагадаг. Мөн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд төрийн албан хаагчид урамшуулал олгох нарийвчилсан зохицуулалт хангалтгүй байсан.
Засгийн газраас 2019 онд баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж заасан. Үүгээр албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байхаар зааж өгсөн.
-Төрийн албан хаагчид ажлаа сайн хийж, түүндээ тохирсон цалин хөлс авдаг байхын тулд нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой гэж та үзэж байна вэ?
-Төрийн албан хаагчийн цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж, цалингийн сүлжээг өөрчлөх ёстой. Өнөөдөр Төрийн албаны тухай хуульд цалин нь ямар хэсгээс бүрддэгийг маш тодорхой зааж өгсөн. Гэхдээ “ажлын үр дүнгийн…” цалин, нэмэгдлийн асуудал тусгагдаагүй. Мөн цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсний асуудлыг ч судлан цэгцлэх хэрэгтэй. Ажлын онцлог, хүнд нөхцөл, ачаалал, зайлшгүй шаардлага, дэмжлэгийг судлан ямар салбарын албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс өгөх вэ гэдгийг шинэчлэн тогтоох хэрэгтэй. Магадгүй төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан энэ нэрлэсэн, тогтмол цалин, нэмэгдлээ тасралтгүй аваад яваа нь тэдний хийсэн ажилд нь таарсан, өрсөлдөөнд суурилсан цалин хөлс биш, ажлаа хийсэн, хийгээгүй ч авдаг цалин хөлсний тогтолцоо болсон байхыг үгүйсгэхгүй.
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, цалингийн бүтцэд ажлын үр дүнгийн цалин, нэмэгдлийг оруулснаар ажлаа хариуцлагатай, мэргэжлийн түвшинд, чанартай, санаачилгатай хийх хөшүүрэг бий болно гэж үзэж байна.