Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны долдугаар сарын 8-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Төв аймаг болон Багануур дүүрэгт ажиллажээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс багтсан бөгөөд Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сум, Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай цахим уулзалт хийж, эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын гарц шийдлийн талаар ярилцлаа.
УИХ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй болгоход чиглэсэн эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг өнгөрөгч онд хийсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс “КОВИД-19” цар тахлын үед гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бэрхшээл тулгарч байгааг хэлж байлаа. Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй асуудлыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгаж, Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.