БШУЯ-наас мэдээлэл хийлээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ЭЕШ-ыг улс орон даяар зохион байгуулсан. Нийт 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс 36782 шалгуулагч шалгалт өгсөн. Өнөөдөр батламжаа авч байна. Энэ жил 12 дугаар ангиа төгссөн 31782 сурагч, өнгөрсөн жил төгссөн 8638 төгсөгч шалгалт өгсөн.
Энэ жилийн ЭЕШ ковидын үед зохион байгуулагдсан. Мөн дархлаажуулалтын үе таарсан. Хүүхдүүд ковидын үед шалгалтад орсон учраас сэтгэлзүйн хувьд их стресстсэн, ачаалалтай байсан. Тиймээс бид улс орон даяар сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Нийт 10 мянга гаруй оюутнууд сэтгэлзүйн зөвлөгөө авсан байна.
ЭЕШ-тай холбоотой материал нь түрүүлж задарсан, алдаатай материалууд байсан гэх мэдээллүүд их явсан. Энэ бол худлаа мэдээлэл шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. ЭЕШ-ын нэг ч материал задраагүй. Харин нэг хүүхэд гар утсаа авч ороод бусдаас тусламж гуйгаад газар дээрээ баригдсан. Цаашдаа ЭЕШ-ын жилд хоёр удаа авах шинэ тогтолцоо руу орох нь зүйтэй.
Мөн хичээлийн сонголтоо эргэн харах нь зүйтэй. Их дээд сургуулиудын хөтөлбөртэй уялдуулна. Түүнчлэн хичээлийн сонголтоос гадна хичээлийн шалгалтуудын түвшинг эргэн харж, өөрчлөх ёстой юм байна.
Энэ жил 88 их сургуульд 140 мянга гаруй оюутан орж суралцана. Хөдөө орон нутгаас 74 мянга гаруй оюутан ирнэ.
Хувийн их дээд сургуулиуд яамны тогтоосон босго оноог дураараа буулгаснаас болж, улсын хэмжээнд 7200 хүүхэд баталгаажуулж чадаагүй. Босго оноогоо дутуу харчихсан учир дипломоо авч чадахгүй байх эрсдэл үүсч байна. Тиймээс хувийн сургуулиуд босго оноог дураараа засахыг хатуу хориглож байна. Өмнө нь иймэрхүү алдаа дутагдал гаргаж, олон мянган хүүхдүүдийг хохироосон их дээд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно.
Энэ жил их дээд сургуулиудын хичээл ирэх есдүгээр сарын 13-нд эхэлнэ." гэлээ.