Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр: Дельта хувилбар хүн амын 5-10 хувьд нь тархсан байх магадлалтай

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
16 минут 33 секунд

Удахгүй боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн ихсэх хандлагатай байна. Гэтэл ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Энэ байдлаараа байвал халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх нь" хэмээн мэдээлсэн. Тиймээс коронавируст цар тахлын бодит нөхцөл байдал ямар байгаа талаар болон дельта хувилбарын тархалт, сүргийн дархлаа зэргийн талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөртэй ярилцлаа.

-Сүүлийн үеийн мэдээллээс харахад халдварын тоо тогтвортой буурч байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт таны твиттер хуудаснаа жиргэсэн жиргээ олон нийтийн дунд болгоомжлолыг төрүүлсэн. Ямар тооцоололд үндэслэн ирэх долоо хоногт халдварын нөхцөл байдал хүндэрнэ хэмээн жиргэсэн талаар яриагаа эхлүүлье?

-Зургадугаар сарын 18-наас хойш тохиолдлын тоо тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа шүү дээ. Ерөнхий тооцооллоор өмнөх долоо хоногт нийслэлийн хэмжээнд өдөрт хамгийн багадаа 200 орчим тохиолдол бүртгэгдсэнийг анзаарсан байх. Хэрвээ буурах төлөвтэй байсан бол энэ долоо хоногт ч үргэлжлээд тохиолдлын тоо багассан үзүүлэлттэй гарах ёстой. Гэтэл тархвар зүйн муруй хавтгай байдал руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой байсан үзүүлэлт маань буурахаа больж байна гэсэн үг. Үүнд юу нөлөөлж байна гэдэг талаас нь жиргэсэн юм.

Тухайлбал, бүсийн наадмууд, хурим найр, олныг хамарсан уулзалт арга хэмжээ хүртэл өргөнөөр зохион байгуулагдах боллоо. Гэхдээ баяр, наадам зохион байгууллаа гээд тэнд заавал очиж, бөөгнөрөл үүсгэх нь эрсдлийг нэмэгдүүлсээр байна.

Бид маш эгзэгтэй цаг үед байна шүү дээ. Дөрөвдүгээр сард тогтоосон 28 хоногийн хөл хорионы дараа иргэд вакциндаа найдаж, халдвар хамгааллын дэглэмээ барьж байсан. Одоогийн нөхцөлд энэ байдал дахин давтагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд тохиолдлын тоо буураад ирэхэд ард иргэд тайвшраад эхэлж байна. Хэдийгээр коронавирусийн дельта хувилбар цөөн тоогоор илэрч байгаа боловч нэг тархвал богино хугацаанд хүчтэй давлагааг үүсгэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэдийн анхаарал, сэрэмж суларч, вакцинжуулалт удааширвал сургууль, цэцэрлэг орох үед халдварын нөхцөл байдал хүндэрч болзошгүй.

"Оюутны байр болон нийтийн байрууд хамгийн эрсдэлтэй"

-Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хугацаа ёсоор нээх шийдвэрээ олон нийтэд хэдийнэ танилцуулчихсан. Гэтэл таны хэлснээр бидэнд олон талын эрсдэл байгаа талаар та ярьлаа. Тухайлбал?

-Дельта хувилбар, хөл хөдөлгөөний урсгал нэмэгдэх эрсдэл байна. Түүнээс гадна вакциндаа бүрэн хамрагдаагүй нэг хэсэг байна л даа. Маш олон хүүхдүүд, насанд хүрэгчид I тундаа хамрагдсан хэрнээ ямар нэг шалтгаанаар дараагийн тундаа хамрагдахгүй байгаа юм. Манай улсад вакцины маш олон төрлийн сонголт байна. Вакцинуудаас дуртайгаа сонгоод хийлгэх боломжууд нь иргэдэд байсаар байгаа. Хэрэв эрүүл мэндийн тодорхой шалтгаант асуудал байгаа бол тухайн харъяа дүүргийн эмнэлэг дээрээ очиж үзүүлээд, эмчийн хяналт дор вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахгүй энэ байдлаараа үргэлжилбэл есдүгээр сард сургууль, цэцэрлэгийн хөл хөдөлгөөн нэмэгдэх үед ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Өнгөрсөн жил оюутнууд ямар хүнд нөхцөлд байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Дотуур байранд амьдарч буй оюутнуудад хоол ундыг нь хүртэл гаднаас оруулж өгч байсан шүү дээ. Оюутны дотуур байр болон нийтийн байрууд хамгийн эрсдэлтэй орчин. Оюутны дотуур байранд нэг л халдвар бүртгэгдсэн тохиолдолд бүхэлд нь хаах уу гэдэг асуудал үүснэ. Бүхэлд нь хаалаа гэж бодоход 7-14 хоног тусгаарлахаас эхлүүлээд хоол хүнсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт. Тиймээс есдүгээр сарын 1-нд бэлдэхийн тулд өнөөдрийн баримталж буй дүрэм журам, дэглэмээ бид ягштал барих хэрэгтэй.

-Олныг хамарсан үйл ажиллагаанаас гадна үйлчилгээний газруудыг нээж байгаа. Энэ бол эрүүл мэндээс гадна эдийн засгийн хамтад нь барих төр засгийн бодлого хэмээн харж байна. Сүүлд баар, цэнгээний газруудыг цагийн хязгаарлалттайгаар нээх болсон нь халдварын тархалтад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг гэж харж байна уу?

-Дэлгүүр хоршоогоо нээчихээд яагаад бусдыг нь нээдэггүй юм гэж хүмүүс яриад байгаа. Зах, дэлгүүр, хоршоонд иргэд амны хаалтаа зүүж, тодорхой хэмжээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Нийтийн тээвэр зай багатай ч мөн л амны хаалтаа зүүгээд зорчиж байна. Гэтэл баар, цэнгээний газар, ресторанд иргэд ямар нэг байдлаар амны хаалтаа авчихдаг.

Хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр аж, ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нээсэн. Тухайлбал, сүүлд баар цэнгээний газруудтай хариуцлагын гэрээг байгуулж эхэлсэн байсан. Гэхдээ баар, цэнгээний газруудыг нээсэн нь заавал тэнд очиж, суу гэж байгаа хэрэг биш. Баар, цэнгээний газруудад олноороо цугларч, бөөгнөрөл үүсгэх нь эргээгээд маш их эрсдлүүдийг бий болгож байна.

Баар, ресторан нээлээ гээд бид яагаад тэнд очиж, архи дарс уух хэрэгтэй гэж. Хэрвээ үнэхээр эрүүл мэндээ бодоод сонголт хийхээр бол баар цэнгээний газар биш спорт заалуудыг сонгох хэрэгтэй. Уйдсан гээд бааранд орох албагүй. Яагаад амьдралын зөв хэмнэл рүү орж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ талаас нь анхааруулаад байгаа хэрэг. Гадуур маскийг сайн зүүж байгаа ч ресторан, баар руу ороод маскаа авчихдаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь юу юунаас илүү чухал болоод байна. Үйл ажиллагаа явуулж буй ААН байгуулагын буруу биш.

-Та бүхэн өөрсдийн хийж буй тооцоо судалгаандаа үндэслэн боловсруулсан дүгнэлт, зөвлөмжөө УОК, НОК-д хүргүүлдэг байх. Ер нь үйл ажиллагаа нь нээгдсэн ААН, байгууллагуудыг хэрхэн ажиллах тал дээр санал хүргүүлсэн зүйл байгаагүй юм уу?

-Цагийн хязгаарлалтын зөвлөмжүүдийг бид хүргүүлж байгаа. ДЭМБ-аас эрүүл мэндийн салбартай зэрэгцэн эдийн засгаа барих хэрэгтэй гэдгийг хэлж байна. Эдийн засаг, эрүүл мэнд гэдэг бол яалтчгүй нэг зоосны хоёр тал болчихоод байгаа юм. Бизнес эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага бол тогтсон дүрэм, журмыг мөрдөж, уян хатан байдалд шилжиж ажиллах явдал. Цагийн хязгаарлалт тогтож байгаа нь ач холбогол өндөртэй. Тухайлбал, цагийн хязгаар оройтох тусам л иргэд хаалттай, битүү орчинд байх хугацаа нь удаан болно.

“Тандалтын зорилгоор сэжигтэй тохиолдлуудад л дельта хувилбарыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа”

-Сүүлд мэдээлэхэд вирусийн дельта хувилбарын тохиолдол нэмж илрээгүй гэдгийг хэлж байсан. Тэгвэл дельта хувилбарын оношлогоо, шинжилгээ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнөөдөр авч буй бүх шинжилгээнд дельта вирус илрүүлэх оношлогоо хийгээд байгаа зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тандалтын зорилгоор сэжигтэй тохиолдлуудад дельта хувилбарыг илрүүлэх шинжилгээ хийгээд явж байгаа юм. Түүнээс биш нийт пср шинжилгээ өгсөн бүх сорьцод дельта илрүүлэх шинжилгээ хийдэггүй. Ингэхдээ дотооддоо ПСР-т суурилсан мутаци илрүүлэх оношлогоог хийж байгаа. Аль болох вакцинд хамрагдаад халдвар авсан, гаднаас зөөвөрлөгдсөн, өмнө дельта вирус авсан хүмүүсийн ойрын хавьтал гэх мэт иргэдийн шинжилгээнд тус шинжилгээг хийж байгаа юм.

Хүн амын 5-10 хувьд нь дельта вирус тархсан байх магадлалтай гэх тооцоолол байна. Гадаад улс орнуудын туршлагыг харахад хүн амынх нь 5-10 хувь тархаж байснаа сарын дотор л 80-90 хувийг эзлэх хэмжээнд очих хэмжээний тархацтай учраас анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

Хүмүүс вакцинд найдаад байна. Гэтэл нөгөө талдаа мутаци хувилбар дэлхий дахинд гарчихсан. Олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мөн улсын наадмын 10 хоногийн хөл хөдөлгөөнийг саармагжуулсан арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн.

-Дельта вирус хүн амын 5-10 хувьд тархсан байх магадлалтай гэлээ. Тэгвэл цаашид энэ хувилбарын тоон үзүүлэлт нэмэгдэх эрсдэл хажууханд байгаа байх нь?

-Халдварын тоо бага байх тусмаа мутацийн тархах магадлал нь багасч, хумигдана гэсэн үг шүү дээ. Харин тохиолдлын тоо нэмэгдэх нь дельта, альфа нь ч тархах магадлал өндөр. Тиймээс бид тайвшрах болоогүй. Ямар ч нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.

-Анх хүн амын дархлаажуулалт 70 хувьд хүрч байж сүргийн дархлаа гэдэг зүйл тогтоно гэж мэдээлж байсан. Яваандаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ хувь 80-90 болтлоо өссөн гэж мэргэжилтнүүд хэлсэн. Тэгвэл сүүлд эрдэмтдийн зөвлөлөөс тодруулга авахад сүргийн дархлаанаас илүүтэйгээр хувь хүний хариуцлагын асуудлыг чухалчилах цаг үе хэмээх байр суурийг илэрхийлсэн. Энэ тал дээр та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тухайн цаг үеэсээ хамааран бүгд өөр өөрөөр тайлбарлагдаж байгаа юм. Тухайлбал, бид 2--3 сард коронавирусийн хувилбаруудын талаар төдийлөн мэдэхгүй байсан. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр шинжлэх ухааны ололт, нээлтүүд ч мөн өөрчлөгдөж байгаа.

Тэгэхээр одоо тоог баримтлахаасаа илүүтэйгээр чиг баримжаануудыг хэлж байгаа юм. Дархлаажуулалт 75 хувьд хүрч, нийтийн дархлаа үүсчих юм бол цар тахал байхгүй болчихно гэсэн ойлголт байхгүй. Бидний зорилт бол 75-85 хувь руу сүргийн дархлааг тогтоох. Гэтэл үүнийг мутаци хэлбэрүүд өөрчлөөд байгаа юм. Жишээлбэл, пайзер вакцины үр нөлөө 95 хувьтай байсан бол дельта мутаци хувилбарууд гараад ирэхээр 80-85 болж байгаа юм. Энэ нь эргээд дархлаа тогтох магадлалыг доош нь буулгаж буй хэрэг юм. Нөгөө талаас ямар ч мутаци дэгдэж, вакцин байсан ч хувь хүн өөрөө ямар дэглэм баримтлах вэ гэдгээс шалтгаалж эрсдлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.

“Халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа цагт улирлын томуунд санаа зовох шаардлагагүй”

-Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсэн хэвээр байна. ХӨСҮТ-ийн баг орон нутаг ажиллаж байгаа гэж та ярьсан байсан. Ер нь орон нутагт халдвар нэмэгдэхийн хэрээр аймгуудын халдвартын эмч, ажилчдын хүний нөөц, ажиллах ур чадварыг сайжруулах зэрэгт анхаарч чадаж байна уу?

-Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 20-30 хувь нь нийслэлд, үлдсэн 70-80 хувь нь орон нутаг руу шилжчихлээ. Орон нутгуудын хувьд Улаанбаатар шиг төвлөрсөн газар биш. Харин 21 жижиг хэсэгт хуваагдсан гэсэн үг. Бүх аймгуудад хүрч ажиллана гэдэг маш хүндрэлтэй. Тиймээс бид халдварын тохиолдол илүү эрчимтэйгээр нэмэгдэж байгаа аймгууддаа илүү хүрч ажиллаж байна. Зарим талаараа хилийн бүс нутгуудад халдвар тархаахгүй байх тал дээр анхаарахын тулд томилолтын багуудыг ч ажиллуулж байна. Одоогоор Баян-Өлгий аймагт манай халдвар судлаач, тархвар судлаач, эмнэлзүйч эмч болон лабораторийн эмч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тиймээс тэр хүнд хэцүү нөхцөл байдал руу манай эмч мэргэжилтнүүд ажиллаад тодорхой үүргийг гүйцэтгээд ирж байгаа. Ер нь ЭМЯ дээр гарч байгаа тушаал шийдвэр, хариу арга хэмжээнүүд бүгд цаасан дээр буучихсан байгаа. Эмчилгээ, үйлчилгээг хүртэл ямар байхыг тусгасан. Тиймээс тэдгээр дүрэм журмуудаа дагаад явж байвал тодорхой мэдээлэл, мэдлэг авч байгаа. Мөн олон хүн эмчилж байж эмч нар маань туршлага сууж байгаа.

Мөн коронавирусийн халдвараар өвчилж байгаа хүмүүс маань давхар архаг суурь өвчтэй байх нь элбэг. Ийм учраас хавсарч байгаа өвчин эмгэгийг хэрхэн эмчлэх, зохицуулах талаар мэргэжлийн эмч нараасаа зөвлөгөө, эмчилгээний зааврыг өгч ажиллаж байгаа.

-Намар хаяанд байна. Ханиад, томууны улирал ирж байгаатай холбогдуулан коронавирус, улирлын томуу хоёрыг хэрхэн ялгах талаар хүмүүс их асууж байна?

-Өмнө жилүүдийнхтэй харьцуулбал, ханиад томуу ихэссэнгүй. Тэгэхээр санаа зовох зүйл байхгүй. Энэ нь бидний халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаатай холбоотой. Ялангуяа амны зүүж байгаатай холбоотой. Мөн өнгөрсөн өвлийн хувьд хөл хорио таарч байсан учир ханиад томуу бага байсан гэж хэлж болохоор байна. Гэхдээ л анхаарал болгоомжоо сулруулахгүй байх хэрэгтэй.

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх тал дээр салбар яаманд зөвлөмж зөвлөгөөг хүргүүлсэн үү?

-Хичээл сургуулиа хэрхэн эхлүүлэх тал дээр ажлын хэсгүүд ажиллаж, шийдвэрээ гаргаад явж байгаа. Санаа зовоож буй ганц асуудал бол оюутнууд. Ялангуяа оюутны байрны асуудал. Энэ бол шийдвэрлэхэд маш хэцүү нөхцөл байдал. Оюутны байранд нэг, хоёр халдвар илрэхэд 200-300 хүүхдийг бүгдийг нь хэд хоног хөл хорионд оруулах вэ гэдгээс эхлээд асуудал. Тиймээс оюутнууд маань маш болгоомжтой байж, хичээл сургуульдаа явахдаа ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Залуучуудын хувьд дархлаажуулалтдаа хамгийн идэвхгүй хамрагдсан бүлэг болоод байгаа. Тиймээс хичээл сургууль эхлэхээс өмнө залуус маань дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна. Оюутнуудын хөл хөдөлгөөн олон зүйлд нөлөөлнө. Ер нь л хаана хаанаа анхааралтай байх хэрэгтэй.

Ц.Янжиндулам

Ухань хотод зургаан өдрийн дотор 12 сая хүнээс шинжилгээ авахад 37 эерэг тохиолдол илэрчээ
Ухань хотод зургаан өдрийн дотор 12 сая хүнээс шинжилгээ авахад 37 эерэг тохиолдол илэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.