ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшиллоо. Учир нь шүүгчдэгч Б.Болорчимэг, шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулах, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг энэ сарын 26-ны 08.30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч Б.Болорчимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт хуульд заасан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.