Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын өнөөгийн байдал, халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, эрчимжиж буй газар хөдлөлтийн нөхцөл байдал болон цаг агаарын гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах эрсдлийн сан бүрдүүлж, цаашид баримтлах бодлогын чиглэлээр хэлэлцэж байна.
Шадар сайд, Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн орлогч дарга С. Амарсайхан "Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал. Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан цогц төлөвлөгөө гаргаж эрчимжүүлж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлагыг олгох бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлага тулгарч байна.
Гамшгийг тэсвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгох нь зүйтэй" гэсэн юм.