Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан бүх нийтээрээ 9 хоног амрахаар болоод буй. Амралтын өдрүүдээр цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байгааг анхааруулж байна. Тухайлбал,
Төв аймгийн Лүн сумын нутагт “Туул” голын усанд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр С.С /эр.15н/ живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.Одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн С.Д /эр.58н/, Н.Н /эм.50н/ нар нь долдугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалгалтын ажиллагаа явуулахад долдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн С.Д-ийн цогцос олдсон, “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон Н.Н /эм50н/ олдоогүй голд живсэн байж болзошгүй байгаа тул эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.