Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэр Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж, Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна. Улмаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд багтсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арга хэмжээ авч, баривчлах бололтой.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлаад байгаа аж.