Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд дэх нөхцөл байдал сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өдөрт хилээр 100 машин гарч байна. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би Замын-Үүдэд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр Монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачиж байна. Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” тайлбарлалаа.

Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарлаа. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө.

Мөн Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгалаа.

Ерөнхий сайд дараа нь Замын-Үүд хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Боомтын өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч “КОВИД-19” цар тахлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа таван сар хоцорч яваа юм байна. 2020 онд эхэлсэн өргөтгөлийн ажил 2022 оны арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй ажээ.

Ш.Энхийн-Одын баг Леброн Жэймсийн хүүгийн багтай тоглож хожлоо
Ш.Энхийн-Одын баг Леброн Жэймсийн хүүгийн багтай тоглож хожлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.