Эрүүл мэндийн яамнаас бэлтгэж буй "АСА СТАНЦ" нэвтрүүлгийн үеэр вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө. Тэрбээр,
"Ард иргэдийн маань дунд вакцин тариулсан хүн халдвар авахгүй гэсэн буруу ойлголт яваад байна. Халдварт өвчний үед вакцин тариулсан хүн өөрийгөө халдварын эрсдэлээс тодорхой хувиар хамгаална. Өвдлөө гэхэд хөнгөн өвдөнө. Манай улсад хамгийн их хийгдэж байгаа БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин 80 хувийн үр дүнтэй гэж үйлдвэрлэгчдээс мэдэгдсэн. Манай эрдэмтэд ч бас судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 82 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. Хоёдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэд зорилтот бүлгийн 40 орчим хувийг хамарч байна. Тиймээс эндээс дотогш хүмүүс халдвар авах эрсдэлтэй.
Вакцины үр дүн сайн байна. Вакцин тариулаад өвдсөн тохиолдолд хөнгөн өвчилж, илүү хурдан хугацаанд эдгэж байна.
Огт вакцин хийлгээгүй 43,000 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 1,185,000 хүүхэд байна. Эдгээр иргэд маань вакцин хийлгээгүй бүлэгт хамаарна. Вакцины найрлагад харшилтай, эсрэг заалттай хүмүүс мөн бий. Үүнээс гадна вакцин огт хийлгэхгүй гэсэн 60,000 орчим хүн байна.
Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжинд 10,000 дараа нь 20,000 тун татан авсан. Сүүлийн 20,000 тун авах үед ОХУ-аас дараагийн таталтын хоорон дахь зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд вакцинаа оруулж ирэхээр ярьж байгаа. Энэ сарын сүүлээр хоёрдугаар тун орж ирэх магадлалтай. Үүн дээр ГХЯ-наас хөөцөлдөж байгаа. Ямартай ч энэ сарын сүүлээр эсвэл долдугаар сарын эхээр хоёрдугаар тун ирнэ" гэв.