Халдварын хүнд нөхцөл ажиллаж буй эмч, ажилчдын цалин маш бага байгааг иргэд шүүмжилсээр байна. Зарим эмч нар ч цалингаа нэмүүлэх асуудлаар Засгийн газарт хандана гэж байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Үе үеийн Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажилласан. Өнгөрсөн Засгийн газрын үед тодорхой хэсэгт нь мөнгөн тэтгэмж өгсөн. Одоогийн Засгийн газрын үед ч тодорхой урамшууллыг өгөөд явж байгаа. Он гарснаас хойш нийт 12 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, шийдвэрлэсэн. Энэ урамшууллыг тухайн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад бүгдэд нь тараасан. Бүх тооцоо судалгаа гарсан байгаа.
Өмнөх авсан хандив тусламжууд Шилэн дансанд тодорхой бий. Эмч нарын цалин хангамжийг нэмэх асуудлыг Засгийн газар байнга хэлэлцэж байгаа. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн асуудлаар хэлэлцүүлгүүд хийгдэж, удахгүй шийдвэр гарах байх. Засгийн газар байнга ярьж байна" гэлээ.